СТИВ ЖОБСООС МАРКЕТЕРУУДЫН СУРАХ 10 ЗҮЙЛ


Стив Жобс дампуурлын ирмэг дээрх Аpple-д эргэн ирж, дэлхийн хамгийн амжилттай брэндийг бүтээснээрээ дэлхийн бизнесийн түүхэнд хамгийн том сэргэлтийг авчирч чадсан. Стив Жобс тэр үед ажилд орохоор CV-гээ өгсөн бол хэн ч ажилд авахааргүй байлаа. Түүнд дээд боловсролын диплом байгаагүй, IT-гийн компанийг удирдаж байсан ч ганц мөр код бичиж чаддагүй байсан. Түүнд MBA диплом байгаагүй. Том байгууллагыг удирдах шат давхаргын менежментийн чадвар ч түүнд байгаагүй.
Тэгвэл тэр яаж энэ бүхнийг хийж чадсан бэ? Түүний хамгийн гол авъяас бол маркетинг байлаа. Түүний дор Apple-д ажиллаж байсан бизнесмэн, зохиолч Guy Kawasaki-гийн хэлснээр “Стив Жобс бүх цаг үеийн шилдэг маркетер” байжээ. Түүнээс сурах 10 гол зүйлсийг энэ нийтлэлээр хэлэлцэе.
1.Сайн ментор буюу “багш” олж ав
Жобс хэдий гоц ухаанатай байсан ч, өөрт нь шинэ юм зааж өгч чадах хүмүүсийг олж чадсан түүний амжилтад маш их нөлөөлсөн. Түүний анхны “багш” нарын нэг нь Цахиурын Хөндийн алдартай маркетер Режис МакКенна байсан. Apple анх хоёр хүний бүрэлдэхүүнтэй, гаражны бизнес байх үед л Жобс Режисийг олж уулзсан байна. Режис-ээр дамжуулан Жобс Apple-д angel investor буюу анхны хөрөнгө оруулагч, маркетингийн мэргэжилтэн Майк Марккула-г авчиржээ. Intel-ийн маркетингд ажиллаж байсан Марккула Apple-ын маркетингийн үндсэн зарчмуудыг бүтээсэн бөгөөд өдгөө 35 жилийн дараа ч эдгээр зарчмуудыг Apple-д дагасаар байдаг.
Жобс хожим нь Apple-ын алдартай 1984 сурталчилгаа, “Think Different” кампанит ажлыг бүтээсэн Ли Чау (TBWA/CHIAT/DAY)-ыг мөн л өөрөө олж, танилцсан байна. Ли Чау Жобс-ын насан туршид зөвлөх, найз нь болсон байдаг. Энэ бүхнээс сурах зүйл нь: Чи хичнээн мундаг байсан ч, ямар нэг юмыг чамаас илүү мэддэг, хийж чаддаг хүмүүсийг анзаарч хар, олж ав, тэгээд тэдний юу гэхийг сонс.
2. Маш сайн бүтээгдэхүүн бүтээ
Kawasaki-гийн хэлснээр “Цөөхөн хэдэн маркетеруудын ойлгодог нэг зүйл бол Стив Жобс нэн түрүүнд маш сайн бүтээгдэхүүн бүтээсэн. Хог новшийг маркетингаар аврах боломжгүй. Ихэнх маркетерууд өөрсдөд нь шахсан муу бүтээгдэхүүнийг аль болох сайхнаар гоёж, магтахаас өөр сонголтгүй байдаг. Жобсын гол давуу тал нь зөвхөн маркетинг биш маркетинг ба бүтээгдэхүүн хоёуланг нь хамт удирддагт байсан юм.
3. Өөрийн гэсэн үзэл бодолтой бай
1977 онд the Apple Computer Company нээлтээ хийх үед, Жобс Марккула хоёр компанийн дагаж мөрдөх 3 гол зарчмыг тодорхойлсон. Нэгт, Apple хэрэглэгчдийг ойлгодог байна. Хоёрт, Apple цөөхөн хэдэн зүйлийг маш сайн хийдэг байна. Гуравт, Apple өөрийн үнэт зүйлсийг (энги йн цэвэрхэн, өндөр чанартай) хийж байгаа бүх зүйлдээ шингээнэ. Зөвхөн бүтээгдэхүүндээ ч биш, бүтээгдэхүүний гаднах савлагаа, Apple дэлгүүрийн загвар, тэр байтугай Apple-аас гарч байгаа хэвлэлийн мэдэгдлээ хүртэл өөрсдийн үнэт зүйлс, зарчмын дагуу хийнэ.
Жобс Apple-ын хийж байгаа бүх юмыг нэг загвар, мэдрэмжийн зарчмаар явахыг шаардаж, хэрэгжүүлсэн нь маш онцгой зүйл юм. Энэ амар биш. Дурын компанийн вэбсайтыг та жишээ болгоод хараарай. Вэбсайт нь тэр чигтээ нэгэн үл үзэгдэгч хүний гараар урласан мэт харагдаж чадаж байна уу? Эсвэл хэсэг болгон нь тухайн асуудлыг хариуцсан хэсгээсээ хамааран өөр өөр загвар, нэршил, бичгийн стильтэй, нэг ёсондоо өөр өөр зүйлсийн цуглуулга байна уу? Вэбсайт нь жигд байж чадсан ч яг энэ концепцоо хэвлэлийн мэдэгдэл, дэлгүүр, оффис, түгээлтийн машин, бүтээгдэхүүний гаднах цаасан хайрцаг дээрээ хадгалж гаргаж чадаж уу? Үүнийг Жобс хийж чадсан юм.
4. Мөнгө зарцуулахаас бүү ай
Жобс анхаарал татсан том зүйлсийг хийхдээ гаргууд байсан. Нэг жишээ нь шинэ Макинтош компьютерд зориулж хийсэн 1984 реклам юм. Жобс өөрийн зангаар том, далайцтай хөдлөхөөр шийдсэн. Тэр Alien, Blade Runner зэрэг алдарт кинонуудыг найруулсан Ридли Скотт-ыг гэрээлэн 60 секундын рекламыг 900,000$-оор хийлгэж, 800,000$-оор цацуулсан байна. (Тухайн үеийн 1.7 сая ам.доллар нь өнөөдрийн ханшаар тооцоход 3.4 сая ам. доллар юм.) Энэ нь тухайн үедээ амжилт олох эсэх нь тодорхойгүй маш эрсдэлтэй алхам байлаа. Apple-ын ТУЗ-д тус реклам огт таалагдаагүй бөгөөд тэд рекламыг олон нийтэд цацахын эсрэг байлаа.
Эрсдэл нь харин амжилттай болсон бөгөөд тухайн үедээ энэ реклам нь хэвлэл мэдээллээр шинэ Макинтоштой адил анхаарал татаж чадсан.
5. Сонирхолтой агшнуудыг бүтээ
1984 рекламыг Apple компани “event marketing” гэж тодорхойлсон бөгөөд учир нь тус кампанит ажил нь цоо шинэ, өвөрмөц байснаараа зөвхөн зар сурталчилгаа биш, өөрөө тусдаа event буюу том үйл ажиллагаа шиг анхаарал татаж чадсан байна. 1984-ийн дараа удалгүй Стив Жобс 2.5 сая ам.доллараар Newsweek сэтгүүлийн нэг дугаарын 40 сурталчилгааны хуудсыг бүгдийг нь худалдаж авсан нь мөн анхаарал татжээ. “Think Different”, “I’m a Mac” зэрэг кампанит ажлууд ч мөн адил сэтгэхүйгээр хийгдэж байлаа. Бас нэг том жишээ бол Жобсын хийдэг байсан keynote илтгэлүүд. Энэ жил юу зарлах бол гэж хүмүүс Битлзийг эргэн нийлээд тоглолт хийхийг хүлээх мэт хүлээдэг байлаа.
Стив Жобс хүмүүст зүгээр нэг юм хэлэх биш, яаж сонирхолтой түүхийг өгүүлэн, уран сэтгэмжтэй хүргэхийг мэддэг байсан байна. Өнөөдрийн Apple-ын талаар байнга гарч байгаа шүүмжлэл нь энэхүү өгүүлэмж, уран сэтгэмж нь Apple-аас байхгүй болсноос ч гэж үзэх хүмүүс бий.

6. Нууцлаг бай, нууцтай бай
Apple-ын илтгэл, зарлал зэрэг үйл ажиллагаануудад оролцохоор хүмүүс олон цаг хүлээдэг байсны учир нь Стив Жобс нууцлаг байдал, хүлээлт үүсгэх зэргийг гаргууд хийдэг нэгэн байв: аль ч илтгэлийнхээ үеэр гайхалтай шинэ зүйлийг зарлаж магадгүй гэсэн хүлээлт байдаг байлаа. Шинэ бүтээгдэхүүнээ зарлахаас хэдэн сарын өмнөөс Apple мэдээллийг бага багаар “алдаж” эхэлдэг байлаа. Эхлээд бага зэрэг цухуйлгасан мэдээллүүд, дараа нь цуу яриа, түүний дараа эхлээд гарсан цуу яриаг үгүйсгэсэн цуу яриа г.м. Ихэнх нь буруу мэдээлэл байдаг байсан ч энэ бүхэн нь хүмүүсийн дунд асар өндөр хүлээлт үүсгэж чаддаг байлаа.
Жобс iPhone-ийг анх гаргаж ирэн танилцуулахаас бүтэн жилийн өмнөөс дэлхий даяар хүмүүс энэ тухай таамаглал солилцож, дизайнерууд иймэрхүү байж магадгүй гэсэн төсөөллүүдээ Photoshop-дон гаргаж байлаа. Жобс мөн “Эцэст нь нэмж хэлэхэд…” гэдгээрээ мөн алдартай байлаа. Хэлэх юмаа яриад дуусчлаа гэж бодох мөчид тэр “эцэст нь нэмж хэлэхэд..” гээд дахин нэг гайхалтай зүйлийг танилцуулдаг байв. Үүнээс сурах зүйл нь: Ихэнх маркетерууд өөрийн бүтээгдэхүүний талаар чадах бүхнээ хүн болгонд хэлэхийг яардаг. Жобс эсрэгээрээ мэдээллээ хязгаарласнаар хүлээлт үүсгэж чаддаг байлаа.
7. Дайсантай бай
Зохиол, өгүүлэмжийн хамгийн эхний дүрэм бол: зөрчил юм. Зар сурталчилгааны эхний дүрэм бол дайсан байх ёстой. Apple-ын хувьд энэ эхлээд IBM байсан. Хожим нь Microsoft болсон ба сүүлд Google ба Android үйлдлийн системийг Жобс дайснаа болгон сонгож авсан. Энэ болгонд Жобсын гол мессэж бол: Манай дайснууд дэлхийг эзэгнэж, сүйрүүлэх гэж байна. Бид бол энэ төлөвлөгөөг нь зогсоох, нэр төртэй, дарлалын эсрэг босогчид юм.
(Энд Жобсын IBM-ын талаар яриаг үзэж болно. IBM-ыг “IBM-д эзэмдүүлсэн, тэдний гарт орсон ирээдүйг” бүтээх хүсэлтэй “бүхнийг эзэгнэх зорилготой хорлонтой хаант улс”. Apple тэднийг зогсоох “цор ганц найдвар” г.м. )
Маркетерууд иймэрхүү ярианаас зайлсхийдэг. Эргээд өөрсдөд нь муугаар нөлөөлнө гэж айдаг. Ихэнхдээ тэд хүн болгоноор хайрлуулах гэсэн хүсэлтэй хүүхдүүд шиг байдаг. Мэдээж хүчтэй, том дайсантай болох нь эсрдэлтэй. Харин Жобсын хувьд бүтээгдэхүүн борлуулахын тулд та эхлээд хөдөлгөөн эхлүүлэх ёстой. Хэрвээ үнэхээр хувьсгал хийх гэж байгаа бол эсэргүүцэх зүйл байх ёстой.
8. Хэрэглэгчдээ номлогч болго
Жобсын хийж чадсан хамгийн том зүйл нь хэрэглэгчийг Apple брэндийн номлогч болгож чадсан. Шинэ iPhone гарах болгонд, тэр нь өмнөхөөсөө бага зэрэг өөрчлөгдсөн ч хамаагүй, дэлгүүрийн гадаа хэдэн цагаар хүлээж зогсдог тэр хүмүүс тэнд зүгээр iPhone авах гэж очоогүй. Тэр хүмүүс спортын багаа дэмжин, багаа дэмжсэн ороолт, цамц өмсөн тоглолт үзэхээр явдагтай яг адил өөрсдийн багаа дэмжих гэж тэнд очдог. Apple-ын хэрэглэгчид зүгээр худалдан авагчид гэж өөрсдийгөө боддоггүй, тэд өөрсдөөсөө том нэгэн хөдөлгөөний нэг хэсэг гэж боддог гэж болно.
9. Бүтээгдэхүүний тухай бүү ярь
1984 рекламд Макинтошийн нэг ч зураглал байдаггүй. Apple, Макинтошийн талаар сүүлийн 10 секундэд л дурддаг. “Think Different” ч мөн адил, бүтээгдэхүүний талаар биш харин бүтээгдэхүүнийг хэрэглэдэг хүмүүсийн талаар ярьдаг. “I’m a Mac” сурталчилгаанууд нь компьютеруудыг хүмүүсээр орлуулдаг.
10. Үг биш зураг ашигла
Одоог хүртэл вэбсайт, сурталчилгаандаа Apple аль болох цөөн үгээр хэлэх зүйлсээ хэлэхийг зорьдог. Жобс хүмүүст үгээс илүү зураг, дүрс хүчтэй хүрдэг болохыг ойлгодог байсан.
Доор байгаа жишээ нь Macbook Air-ыг анх танилцуулж байгаа видео юм. Жобс тайзан дээр шуудангийн дугтуйтай гарч ирээд, дотроос нь Macbook Air-ыг гулсуулан гаргаж ирэх үед хүмүүс яаж дуу алдаж байгааг анзаараарай. Энэ нэг үйлдлээрээ хэдэн мянган үгнээс илүү ихийг илэрхийлж чадсан. iPhone-ий рекламнуудыг үзэхэд ч мөн адил сүүлийн хэдэн секунддээ л тайлбар тексттэй байдаг.
Англи хэлэнд “less is more” гэдэг хэллэг байдаг, заримдаа юмыг танаж, багасгаж, хязгаарласнаар тухайн юмандаа илүү их утга, өгүүлэмж, боломжийг гаргаж өгдөг гэсэн санаатай. Марк Твэйн хэлэхдээ “Надад цаг байсан бол би илүү товчхон бичих байлаа” гэдэг шиг үгийг оновчтой товчлон, хязгаарлах нь ажиллагаа шаарддаг.
Стив Жобсоос авах хамгийн том сургамж нь энэ байж болох юм: тэр бусдаас илүү цаг гаргаж, бусдаас арай илүү ажиллаж чадсан.

 Эх сурвалж: http://www.theclub.mn/
СТИВ ЖОБСООС МАРКЕТЕРУУДЫН СУРАХ 10 ЗҮЙЛ СТИВ ЖОБСООС МАРКЕТЕРУУДЫН СУРАХ 10 ЗҮЙЛ Reviewed by https://paradigmmn.blogspot.com/ on 2:17 AM Rating: 5
Powered by Blogger.