Ард түмэн гэдэг



Өвөө яндангаа буулгаж өрхөө татахаас өмнө гялс орондоо орлоо. Тооноор од гялалзаж радиогоор морин хуурын аялгуу эгшиглэнэ. Өвөөгийн гэрийн улаан хүрэн унийг тоолж, зууханд гал чад пад хийх чимээ сонсоор бурхны өмнө бөхөлзөн анивчих зулын гэрэлд нам гүм нойрсдог байв. Эх орон гэж алдан гүйгээд очоод тэвэрмээр юу билээ гэж бодоход эмээгийн сүүтэй цай, өвөөгийн дүнсэн тамхины үнэр, ээжийн борцтой хоол, аавын ангийн тухай яриа, зууханд дүрэлзэх модны үнэр, орой бүр радиогоор эгшиглэдэг морин хуурын аялгуу чихэнд сонсогдоно. Нордхауз дээд сургуулийн номын сангийн нэг тавиурын дээд талд ард түмэн гэж хэн бэ гэсэн зузаан ном өрөөтэй бий. Би хамгийн эхний өгүүлбэрт туйлын дуртай. Ард түмэн гэдэг тодорхой нэг нутаг дэвсгэрт амьдрах нэг хэлтэй, нэг түүхтэй, нэг мэдрэмжтэй хүмүүсийг хэлнэ гэсэн байдаг юм. Хамгийн гоё үг нь нэг мэдрэмж. Хаа холын америкт, австрали, япон ер нь дэлхийн хаана ч амьдарч байгаа тэр нэгэн монгол залуу тэр нэгэн монгол бүсгүй аргалын утаа, ааруулын амт ямар байдгийг яг над шиг мэднэ. Бид биеэ биеэ танихгүй ч нэг л мэдрэмжтэй хүмүүс. Монгол ахуйгаас хүүхэд байхад олж авдаг энэ мэдрэмж эцэстээ хамгийн үнэт зүйл болж хувирна. Аргалын утаа үнэртээд гэрээ санах тэр мэдрэмжийг өөр нэгэн герман хүн өөр нэгэн япон хүн ойлгох гэж оролдох боловч мэдэрч чадахгүй. Харин огт танихгүй монгол хүн шууд мэдэрч чадна. Хэл яриа үг үйлдэлгүй мэдрэмжээрээ холбогдож адилыг мэдэрч адилхан ээнэгшинэ гэдэг юутай сайхан бэ? Хүүхэдээ герман хүн болгоё гэвэл герман мэдрэмжтэй болго гэж багш хэлсэн шиг монгол хүн болгоё гэвэл монгол мэдрэмжтэй болго. Монгол нэр өгөөд монгол болдоггүй. Монгол нэрээс татгалзаад монголоо орхидоггүй. Нэрэндээ зүс царайндаа байгаан биш, монгол мэдрэмжинд монголын ард түмэн нэгдэж байдаг юм.

Эх сурвалж: Chimedlkham Humun
Ард түмэн гэдэг Ард түмэн гэдэг Reviewed by https://paradigmmn.blogspot.com/ on 3:18 AM Rating: 5
Powered by Blogger.