Зовлого зовохоос зориг мохохгүй
Ямарваа нэг мэдлэг тархах үйл явц бол бидний эргэн тойрондох нөхцөл байдлаас ихээхэн хамаардаг. Өөрөөр хэлбэл тухайн нийгмийн оргилд нь байгаа мэдлэгтэй, алдартай хүмүүс ард түмнийхээ мэдлэг тархалтанд нөлөөлдөг. Тухайн алдартай хүн юу бодож, юуг сэтгэж, юуны тухай яриж байгааг нийгмийн масс болох иргэдэд их сонин байдаг. Яагаад гэвэл тэр зүйлд асар их эерэг энерги, урам зориг агуулагддаг болов уу. Тийм ч учраас сувалжлагч, сэтгүүлч, зохиолч нар үүнийг хүргэхийн төлөө хичээж зүтгэж байдаг. Нар мандаж цэцэг навч дэлгэрэхтэй адил бие биендээ онгод оруулж бүтээл тууривах санаа оноог олох урам зоргийг эдгээр оргилд байгаа хүмүүс хайрладаг. Үүний нэг нь Ама билээ. Амагийн нэгэн шимтэн дахин дахин уншсан ярилцлагыг өөрийн блогдоо оруулмаар санагдсан юм.
(dayarmongol.com-aac)
-Бэлтгэл ханасан байсан уу?
5 сарын барилдааныг эргэн дурсваас. - Бэлтгэл бол би өдөр бүр хийдэг. Сайн муу гэж байхгүй, яг ханатлаа хийдэг. Харин сэтгэл зүйн тал дээр бол сайн байсан. Ээж маань үргэлж хажууд байгааг хэлэх үү. Ер нь спорт бол сэтгэл зүй их хэрэгтэй эд л дээ. Хакухо аваргад уначихаад би за энэ тэмцээн Хакухо аваргынх боллоо гэж бодсон. Аварга ямар ч хийгүй барилдаж байсан болохоор, өөрөө түрүүлнэ гэсэн итгэлээ бүр алдсан. Маргааш нь Хакухо аварга тааралдаад, “Өчигдөр хоёулаа сайхан барилдлаа шүү. Чи хөл тойгдоод тойроод байхад нуруу өвдөөд эвгүй байсан гэж хэлдэг юм. Би ч гэсэн тиймээ, сайхан үзлээ. Харин аваргаас хөл мэх ирнэ гэж бодоогүй шүү” гэж яриад салсан. Тэр өдрөө барилдах гээд сууж байтал Хакухо аварга Котоошюүд унадаг юм байна. Зүв зүгээр сууж байсан хүн чинь гэнэт хамаг бие халуу дүүгээд л, Надад түрүүлэх боломж байна гэж бодогдоод сэтгэл хөдлөөд, түгшиж догдлоод эхэлж байгаа юм. Тэгээд Асашёрюү аваргаа давсан. Асашёрюү аварга бол за за хоёр дүү маань эр бяраа үзээд хэн чадалтай нь түрүүлэг л гэж бодсон байх. Сүүлийн өдөр Котоошюүтэй барилдахад угаасаа барилдаан таардаг болохоор ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Баглуулаад эвгүй болсон яг тэр үед одоо шидэх үү, хөөгдөж яваад дэвжээний захад очоод шидэх үү, яадаг юм билээ гэж бодогдоод. Хэдхэн хормын асуудал л даа . Жүдогоор Монголд хичээллэж явсаны ашиг гарсан байх тэр үед. Халз барилдаан эхлэхэд Хакухо аваргын хэлж байсан үг толгойд орж ирж байгаа юм. Аварга бол намайг барьж авах гэх нь мэдээж. Би бол дотор нь ороод нуруунд нь ачаалал өгье гэж бодсон. Тэгээд л зүүн барьц аваад хөлийг нь тойгдож эргээд давсан даа. Аварга надтай дахиж барилдана гэж бодоогүй болохоор тэгэж ярьж байсан байх.
- Энэ тэмцээнд хоёр аваргыг хаялаа. Одоо ер нь өрсөлдөгч гэвэл Асашёрюү, Хакухо аваргууд гэж хэлж болох уу?
- Бөх хүн бүдүүн өвсөнд гэгчээр басаж болохгүй. Дэвжээн дээр гарж ирж байгаа бөх болгон миний өрсөлдөгч. Сайн муу, аварга начин гэж ялгадаггүй. Бодож явдаг хамгийн гол юм маань дээр хэлсэн, үзэгч олныг баярлуулах. Өөрийн барилдаанаа хийх, унасан ч давсан ч дараа нь харамсах юмгүй барилдах л гол зорилго.
- 11 сарын тэмцээнд 22 ялалттай хүрч ирэн, хүн болгон л Ама одоо озэки болно гэлцэж байлаа. Гэтэл Кисэносато, Гоэйдо нарт унаад эхний 4 өдөрт 2 унаатай болсон. Сандарч байв уу?
- Сандраагүй. 11 сард сэтгэл санаа, бие бялдрын бэлтгэл бүрэн ханасан байсан. Хүмүүс жижигхэн харагдаад л. Өдөр өдрийн барилдаандаа анхаарлаа хандуулах л чухал байсан болохоос өнөөдөр уначлаа яанаа гэх юмуу, за энэ тэмцээнд 10 ялчихъя гэсэн юм бодоод байж болохгүй. Асашёрюү аваргын ээж Пүүжээ эгч надад, “миний хүү овоог нэг өдөр л шууд босгодоггүй юм. Нэг нэгээр нь хад чулуу зөөж явсаар тэр чинь том овоо болдог юм” гэж сургасан. Би тэр ёсоор нь яваад ялчихаад орой ирэхдээ ээждээ хүү нь нэг хад аваад ирлээ гээд л хэлдэг байсан. Сая ээж маань үргэлж хамт байж, сайхан монгол хоол цай хийж өгч байсан болохоор Монголдоо байгаа юм шиг л сэтгэл хангалуун барилдаж чадсан. Энэ сайхан Монгол орны маань хийморь сүлд, уул ус, ард түмэн, сахиус, өвөө эмээ, аав ээж маань үргэлж түшиж дэмжиж байгаа гэдэгт итгэлтэй байдаг.
- Арслан болоод шинэ нэртэй болсон. Хүмүүс дассан болоод тэр үү одоо ч сумогийн ордонд Ама гэж дуудаж дэмжиж байгаа харагдах юм.
- Тиймээ. Шинэ Харумафүжи нэр маань их сайхан утгатай нэр байгаа юм. Хару гэдэг нь гийгүүлэх, хамгаалах гэсэн утгатай. Ума бол хүлэг морь. Фүжи бол хүн болгон мэдэж байгаа Фүжи хайрхан. Энэ сайхан нэрээ зөв дааж явна гэсэн бодолтой байдаг. Мэдээж би Ама нэрэндээ хайртай байсан. Ояката багш маань нэрээ солих хэрэгтэй гэж хэлсэн болохоор сольсон. Сумод багшийн үг хууль. Жишээ нь багш надад банан харуулаад энэ бол алим гэхэд би тиймээ багшаа энэ алим байна гэж л хэлнэ. Багш маань намайг бодоод энэ сайхан хүндтэй нэр өгсөнд нь багшдаа их баярлаж явдаг. (исэгахама ояката бол мэргэжлийн сумогийн 63 дахь их аварга Асахифүжи.)
Ээж минь миний амьд сахиус
- NHK телевизийн ярилцлаган дээр аав ээждээ хамгийн их баярлаж явдаг гэж хэлж байсан.
- Би энэ сайхан хувь тавилангаар тэнгэрлэг сайхан Монгол орондоо, сайхан аав ээжийнхээ хүү нь болж төрсөндөө бахархаж баярлаж явдаг. Бурхнаас заяасан энэ буян хишгийг зөв дааж, зөв амьдарж явах хүсэл тэмүүлэлтэй. Багадаа ааваа дагаад л барилдааныг нь үзээд , бөх болно гээд дүрдээ итгэчихсэн байнга ноцолдож явдаг хүүхэд байлаа. Наадмын бэлтгэлд хамт гардаг, бөхчүүд зааны тугал хүрээд ирж гээд өхөөрддөг байсан. Цэрэнпунцаг ах намайг 5 том гэж дууддаг байсан юм. Би толгой, гар хөл их том хүүхэд байж л дээ. Аавыгаа дагаад бөхчүүд дунд өссөн болохоор монгол бөхийн ахас дээдсээ хүндлэх зарчим гээд ёс заншлаас бага ч гэсэн суралцаж чадсан гэж бодож явдаг. Ээж маань үргэлж юм зааж, сургадаг хүн. Бага байхад маань ном их уншуулдаг байлаа. Манай гэр том номын сантай. Монте кристо гүн, Монголын нууц товчоо, Эр бор харцага, Морь унасан толгойгүй хүн, Цагаан бээлий, Жонон гуйлгачин хоёр гээд сонгодог зохиолуудыг тэр үед уншсан. Лхагваа ах уншсан номноосоо их ярьж өгнө. Сонсож байгаад хорхой хүрээд , одоо болсон би өөрөө уншина гэдэг байж билээ. Робинзон Крузог уншаад Баасанг Крузо яв гээд хөөж байхад анх удаа сэтгэл уяраад уйлж байсан юм. Дараа нь уйлсандаа их гайхаж байсан юм даг. Ээж бага байхад зүйр цэцэн үг хэлдэг, зааж өгдөг байсан. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэж байнга хэлдэг байлаа. 5 сарын тэмцээнд ээж монгол махаар сайхан монгол хоол цай хийж, намайг дасгалжуулж өгсөн. Ээждээ маш их хайртай, бахархаж явдаг. Миний амьд сахиус бол ээж маань. Би хоёр ахтай. Аймгийн начин Баасандорж, Улсын начин Лхагвадорж. Бид нар хоёр хоёр насны зөрүүтэй. Ах нар маань тус тусын бодолтой улсууд. Намайг зөв сургаж хүмүүжүүлсэнд нь баярладаг. Одоо ч дотно, байнга уулзана. Хол байвал утсаар яриад л юу хийж байна, өнөөдөр юу идэв гээд л халамж анхаарал тавьж байдаг юм. Би олон дасгалжуулагчтай байгаа биз. (Инээв)
- Эцэг эхийн ачийг хэзээ ч хариулж дуусна гэж байдаггүй юм гэнэ лээ. Өдий хүртэл аав ээжээ хамгийн их баярлуулсан юм гэвэл юу вэ?
- Аав маань үр хүүхэдтэй болоод хүний хамгийн жаргалтай үе бол хүүхдүүд нь зөв шударга амьдраад сайн сайхан явахад ямар ч аав ээжийн нүдний харц дээшээ, нуруу тэгш байдаг. Тиймээс аав нь хүүгээ , 2 ахыг нь хараад үр хүүхдээрээ бахархаж, ямар ч хүний өөдөөс эгц харж, нуруу тэнэгэр байгаадаа сэтгэл хангалуун жаргалтай байнаа гэж хэлж байсан. Үр хүүхэд нь зөв шударга, сайхан явах л аав ээжийхээ ачийг хариулж байгаа хэрэг гэж би дотроо бодож явдаг.
Зовлого зовохоос зориг мохохгүй
- Бэлтгэл сургууль бас хэцүү байсан биз?
- Гэрээ санах бэлтгэл сургуулиас хэцүү байлаа. Япон явах гэж байхад Нямдорж ах, “Аливаа юмыг хялбар амар гэж бодоод очихоор хүн шантардаг юм. Анхнаасаа хатуу хэцүү, чанга гэж бодоод очихоор гайгүй юм шиг санагддаг. Чамайг тэнд Даваанямын Бямбадорж гэхгүй Монголын Бямбадорж гэж хэлж ярих болно. Аав ээжийнхээ төдийгүй Монголын хүү гэж бодоод чанга бодолтой, тэсвэр хатуужилтай бай” гэж захиж байсан. Би тэр ёсоор нь ирсэн, бэлтгэл ч бодсоноос гайгүй байсан. Нямдорж ахын энэ сургаал үг надад их хэрэг болсон. Тэр үед сумогийн доор зиндаанд олон монгол бөх байсан. Бид нар орой болохоор дор бүрнийхээ ажлыг дуусгачаад цэцэрлэгт цугладаг байлаа. Тал талаас баахан дугуйтай улсууд ирнэ. Тэгээд л дуулаад л, яриад л. Аварга болно, тэгнэ ингэнэ гээд л хөөрхөн цагаахан мөрөөдөөд л сууж байдаг байлаа.
- Та мэргэжлийн сумод ороод жонокучи, санданмэ, жүрё, макүүчид түрүүллээ. Сумод ороод хамгийн их баярласан нь хэзээ вэ?
- Бөхчүүд жүрод , дээд зиндаанд дэвшээд хамгийн их баярласан гэж ярьдаг. Миний хувьд хамгийн их баярлаж байсан маань 2001 оны 3 сард жонокучид түрүүлсэн явдал. Анхны түрүүг хэлэх үү, тэр ялалт надад маш их урам зориг, хүч чадал өгсөн.
- Таны хувьд сумо гэдэг юу вэ?
- Сумо гэдэг миний хувьд амьдрал, амьдралын ухаан заах багш, тэмцэл, энэрэнгүй сэтгэл. Энэ бүхэн нийлээд сумо болно. Харахад жижигхэн энэ дугуй дэвжээн дээр зөвхөн ялалт ялагдал биш, тэсвэр хатуужил, сорилт шалгалт, нөхөрлөл гээд л бүхэл бүтэн амьдрал явагдаж байдаг. Энэ дэвжээн дээр ёс заншил, даруулгатай зангаас эхлээд амьдралын ухааныг сурдаг.