Эрлийн үнэтэй зах зээл
Олон зах зээлд худалдагч, худалдан авагчид нэг нэгнээ даруй түргэн олдоггүй. Жишээ нь хоорондоо таарч тохирох ажил олгогч, ажил хайгч хоёр учрахад цаг хугацаа, хүч чармайлт шаардагдаг нь зах зээлд “эрлийн зөрчил” бий болгодог ажээ. Өөрөөр хэлбэл таарч тохирох ажил, ажилтнаа хайхад үрсэн цаг хугацаа, хүч чармайлтийг тооцох нь ажилгүйдлийг ойлгоход тус дөхөм болох аж. Ийм “эрэл зөрчилддэг” зах зээлд худалдан авагчийн шаардлага хангагдахгүй, зарагч хүссэн хэмжээгээрээ бараагаа зарч чаддаггүй бол харин хөдөлмөрийн зах зээлд ажилгүйдэл, сул ажлын орон тоо хоёр зэрэгцэн оршсоор байдаг байна.
Сонгодог зах зээлийн онолд “эрэл зөрчилдэхийг” тооцдоггүй байж. Өөрөөр хэлбэл ажлын сул байр байгаа тохиолдолд ажилчид заавал олдох ёстой, үүнд ямар ч зардал гарахгүй гэж үздэг байсан байна. Гэтэл бодит амьдралд ийм байсангүй. Бүгдийг ажилтай болгож, хөдөлмөрийн зах зээлийг тогтворжуулахад асар их хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулдаг. Хэрэв үүнийг тооцохгүй бол ажлын сул байр, ажилгүйчүүд хоёр зэрэгцэн өссөөр байх аж.
Массачусетсийн их сургуулийн эдийн засагч Питир Даймонд (АНУ), Нортвестрен их сургуулийн профессор Дейл Мортенсен (АНУ), Лондонгийн эдийн засгийн их сургуулийн профессор Кристофер Писсаридес (Англи) гурав “эрэл зөрчилддөг зах зээлийг” шинжилснээрээ 2010 оны эдийн ухааны Нобелийн шагнал хүртэж, 10 сая кронор буюу 1.5 америк доллар хувааж авахаар боллоо.
Гурван эрдэмтний нэрээр нэрэлсэн “ДМП модел” онол нь хөдөлмөрийн зах зээлийг илүү ойлгоход тус болж, олон жил бодлого боловсруулах чухал хэрэгсэл болж ирсэн байна. Питир Даймонд “эрлийн зах зээлийн” үндсийг судалж, Дейл Мортенсен, Кристофер Писсаридес нар онолыг өргөжүүлж, хөдөлмөрийн зах зээлд хэрэгжүүлсэн байна.
Энэ гурвын дэвшүүлсэн онол нь эдийн засгийн бодлого, хууль дүрэм нь ажилгүйдэл, ажлын орон тоо, цалин хөлсөнд хэрхэн нөлөөлдөгийг ухаж ойлгоход дөхөм болох ажээ. Тэдний гаргасан нэг дүгнэлт бол ажилгүйдлийн тэтгэлэг өгөөмөр байх тусам ажилгүйдэл өсөж, ажил хайх хугацаа уртсдаг байна.
62 настай Писсаридес 1970-аад онд Европт ажилгүйдэл ихсэхэд энэ асуудлыг судалж эхэлсэн байна. Тухайн үед хөдөлмөрийн зах зээлийг ойлгох бүрэн боловсруулсан онол байдаггүй байж. “Ажилгүйдлийг судлах онол бидний судлаж байсан асуудалд тохирохгүй байсан… Ажилгүйдлийг эдийн засгийн орчин өөрчлөгдснөөс болж ажилгүй болсон хүн гэж төсөөл” гэж тэр хэлжээ. Писсаридес ажилгүй хүн ажилтай болоход нөлөөлдөг хүчин зүйлсүүдийг тогтоохыг хүссэн байна. Жишээ нь, “Ажил хайсан хүн ажил эрэх явцаа хурдасгаж болох уу?” гэсэн асуултанд Писсаридес болон түүний хамтрагчид “Ажилгүйдэлтэй тэмцэх хамгийн том хүчин зүйл бол ажилгүй хүнийг аль болох хурдан ажилтай болгох гэхдээ заавал үнэ өртөгтэй сургалтанд хамруулах шаардлагагүй” гэж хариулсан байна.
71 настай Мортесен ажилчид хэрхэн ажил хайдгийг судалсан анхны хүмүүсийн нэг юм байна. Тэрээр ажлын зах зээлийн хөшингө байдал нь өндөр ажлын цалин хүссэн хүмүүстэй зөрчилдсөнөөс ажилгүйдлийг бий болгох талтайг баталжээ. Ажил хайгчдын ажил эрэх явцын эрчийг ажилгүй хэр удаан байхаас шалтгаалж тодорхойлох ба ажилгүйчүүдийн тэтгэлгийн төвшин, хугацаа үүнд нь бас нөлөөлөх ажээ.
Харин 70 настай Даймонд үр ашиг, бүтээмжийг судлаад өчүүхэн төдий эрж хайхад л эрэлт хэрэгцээ хоёр уулзахад асар их нөлөө үзүүлдэгийг тогтоожээ.
Орчин цагийн зах зээлийг, тэр тусмаа хөдөлмөрийн зах зээлийг, шинжлэх аргачлалын суурийг тавьсан олон жилийн нөр их хөдөлмөрийг үнэлж Нобелийн шагналыг олгосон нь энэ жилийн “хамгийн нүдээ олсон” шагнал гэж дэлхийн олон улсын шинжээчид дүгнэсэн байна. Мөн дээрх гурвын шагнагдсан бүтээл нь өнөөгийн дэлхий дахинаа нүүрлээд буй ажилгүйдэлтэй тэмцэх, хөдөлмөрийн зах зээлийн идэвхжүүлэхэд олон улс орны төр засагт туслана хэмээн дэлхийн мэдээллийн агентлагууд бичсэн.
Жич: 1895 бичиж үлдээсэн Алфред Нобелийн гэрээслэлд эдийн засгийн салбар багтаагүй байсан тул 1968 оноос хойш Шведийн төрийн банкны 300 жилийн ойгоор эдийн засгийн салбарт Нобелийн шагналыг анх олгохоор болжээ. Анхны эдийн засгийн ухааны Нобелийн шагналыг 1969 онд олгосноос хойш өнөө хүртэл 67 хүн энэ шагналын эзэн болжээ.
Монцамэ