БИ АЖЛАА ХЭРХЭН САЙЖРУУЛДАГ ВЭ: Асуудлыг шийдэх цорын ганц арга нь өөрийгөө л өөрчлөх
Бид тодорхой ажлыг хийхдээ яаж сайн хийх дээр л
төвлөрдөг. Гэтэл тухайн ажлыг хийх ч шаардлагагүй байсан үе нэг биш удаа
гардаг. Аливааг хийж эхлэхээсээ өмнө цэгцтэйгээр төлөвлөж хийх гэдэг сурч болох
чадвар. Энэ бол системийн инженерчлэлийн нэг хэсэг юм. Ажлыг зөв хийх тухай биш
эхлээд зөв ажлаа сонгохын чухлыг системийн инженерчлэлээр 30 гаруй ажил
ажилласан нэгэн эрхэм онцолсон юм. Түүнийг Жавахар Балла гэдэг. Саяхан өөрийн
JB system компаниа хоёр зорилгын дор байгуулаад буй юм. Нэг нь хүмүүст
системийн сэтгэлгээ яагаад чухлыг зааж ойлгуулах, хоёр дахь нь энэ бүхний
хэрэглээг бодит болгоход туслах үйлчилгээ үзүүлэх. Ингээд түүнийг “Тус сольшн”
компанийн урилгаар Монголд ирээд байхад нь уулзаж ярилцлаа.
АЖЛАА ХИЧНЭЭН ЗӨВ ХИЙСЭН Ч ЗӨВ АЖИЛ БИШ БОЛ ЯМАР Ч ҮР
ДҮНГҮЙ ХОЦОРНО
– Анх яагаад нисэхийн инженер, системийн инженерчлэлийг
сонирхох болов?
-Багадаа би нисэх онгоц маш их сонирхдог хүүхэд байлаа. Гэвч
онгоцны нисгэгч болох боломжгүй байсан тул нисэхийн инженерээр сурсан юм. Анх
ажлын гараагаа Boeing, Airbus зэрэг компанийн тоног төхөөрөмжийг нь хариуцдаг
Австралийн нисэхийн компаниас эхлүүлж байв. Улмаар нисэхийн инженерээр цааш
хөгжих боломж хомс байсан тул систем инженерээр ажиллаж эхэлж, онгоцны хуваарь
төлөвлөх зэрэг ажлуудыг хийж эхэлсэн. Ингээд бодсон чинь онгоцны нислэгийн
хуваарийн системээр ажиллаж эхэлснээс хойш бараг 20 жил өнгөрчээ. Системтэй
холбоотой ажлыг олон жил хийсний эцэст энэ бүх системүүд хоорондоо яаж нийцэж
байгааг ойлгож эхэлсэн юм. Эцэст нь системийн сэтгэлгээ, загвар болон
стимуляци гурав бол бидний бүх мэдлэгийн тулгын гурван чулуу гэдгийг ойлгосон.
-Та системийн сэтгэлгээ, загвар болон стимуляци гэх
гурван зүйлийг ойлгоход 20 жил зарцуулсан гэж байна. Эдгээр нь юугаараа тийм
онцлог ойлголт юм бэ?
-Анхандаа систем инженерчлэл хийж байна гэж боддог байсан ч
сүүлд бодоход би ажлаа ердөө л тодорхой системийн дарааллаар л хийж байсан болж
таарсан юм. Яагаад тэр бүх алхам том зургаараа системийн нэг хэсэг болж байгааг
ойлголгүй зүгээр л хийдэг байв. Харин загвар болон стимуляцийг хийж эхэлсний
дараа би юу болж байгааг том зургаар нь илүү ойлгож эхэлсэн. Энэ нь зөвхөн
процесс биш харин хоосон санааг бодитоор хэрэгжүүлэх тухай юм. Хийж байгаа ажил
бүхнээ бид хамгийн үр ашигтай бас үр дүнтэй хийх хэрэгтэй. Дэлхий дээрх бүх
шинэ нээлт ямар нэг санаанаас л үүсдэг. Хэн нэгэнд ямар нэг хийсвэр санаа хамгийн
эхлээд төрдөг. Үүний дараа шаардлагатай алхмуудыг хийснээр тэрхүү хийсвэр
санааг бодит болгодог. Системийн инженерчлэл нь тэрхүү санааг системийн дагуу
үр ашигтайгаар задлан шинжлэх үйл явц юм. Хэн нэгний оюун санаан дахь бодлыг
ойлгож эцэст нь түүнийг бодитоор бүтээхийн тулд загварчлал болон стимуляцийг
хийдэг. Ингэснээр бид дундаа нэг ойлголцолд хүрэх боломжтой юм.
-Баг, хамт олон хоорондоо ойлголцож чадахгүй тохиолдлууд
гардаг нь ч бас энэтэй холбоотой санагдлаа?
-Хэн нэгний бодлыг загварчлалд оруулж баг, хамт олон дундаа
нэг загвартай болсноор ойлголцож, нэгдсэн үр дүнд хүрэхэд илүү хялбар болдог.
Өдгөө маш олон ажлууд нэг ойлголцолд хүрч чадаагүйгээс болж бүтэлгүйтэж
байна. Олон компани хэрэглэгчээ ойлгож чадаагүй хэрнээ өөрсдийн төсөөлж байгаа
бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн хүсч буй бүтээгдэхүүн гэж боддог. Гэвч эцэст нь
тэр бүтээгдэхүүн хэрэглэгчийн хүсэл биш байсныг ойлгох үед тэд хэдийн маш их
цаг, мөнгө зарцуулчихсан байдаг. Хэрэв анхнаасаа зөв ойлгосон бол зөв үр дүнд
хүрэх магадлал өндөр. Тийм ч учраас хэрхэн хийсвэр бодлыг цэгцтэй буулгахаас
эхлээд зөв үр дүнд хүрэх хүртэлх бүхий л үйл явцыг системийн инженерчлэл
хийдэг.
Хэргийн гол учир нь бид асуудлаа таньж чадахгүй
асуудалтай болчихоод байгаа юм
-Аливаа асуудлыг системийн инженерчлэл ашиглаж хэрхэн
шийдэх боломжтой вэ?
-Асуудлаа шийдэхийн тулд эхлээд тухайн асуудлаа маш сайн
ойлгох хэрэгтэй. Хэргийн гол учир нь бид асуудлынхаа гол бэрхшээлийг таньж
чаддаггүй. Тиймээс бид асуудлаа шийдэх зөв системээ олж байж тухайн асуудлыг үр
дүнтэй болоод үр ашигтайгаар шийдэж чадна. Үр дүн болон үр ашиг гэдэг хоёр
ойлголт ялгаатай учраас би зориудаар дурдаж байгаа юм. Жишээ авъя л даа. Чи энэ
өрөөг будах гэж байна гэж бодъё. Тэгвэл энэ өрөөг ямар зориулалтаар будахаас
эхлээд ямар будаг сонгох гэх мэт маш олон зүйлийг тодорхой болгох хэрэгтэй. Чи
нэг ханыг хичнээн үр ашигтайгаар будсан ч зөв ханаа будаагүй бол үр дүнтэй байж
чадахгүй. Тиймээс чи ажлаа хичнээн зөв хийсэн ч зөв ажил биш бол ямар ч үр
дүнгүй хоцорно.
-Аливаа ажлыг хийж эхлэхээсээ өмнө тодорхой асуултуудыг
өөрсдөөсөө асуух хэрэгтэй санагдлаа. Хэдэн сая долларын том төслөөс эхлээд ямар
ч хэмжээний ажлыг хийж эхлэхийн өмнө тунгааж бодох асуултууд гэж байгаа юу?
–Ямар ч ажлыг хийж эхлэхийн өмнө асуух гурван чухал
асуулт бий. Яагаад, юуг, яаж? Эдгээр асуултыг асуух дараалал нь маш
чухал. Яагаад хийх ёстойгоо ойлговол юу хийх хэрэгтэйгээ мэднэ. Юу хийхээ
мэдсэний дараа түүнийгээ яаж хийх тухайгаа бодно. Томоохон төслүүдэд ихэвчлэн
техникийн талын мэргэжилтнүүд байдаг тул тэд тухайн ажлыг яаж хийх дээр илүү
төвлөрдөг. Ингэснээр хэрхэн хийх аргаа олмогцоо тэд шууд л хийж эхэлдэг. Өдөр
бүр хийдэг энгийн зүйлээ шууд ингэж хийж эхэлж байгаа бол зүгээр. Гэвч хамгийн
чухал асуулт бол ЯАГААД. Яагаад энэ бүхнийг би хийх хэрэгтэй гэж? Яагаад энэ
асуудал үүссэн юм бол? Энэ бүхнийг ойлгосон цагт ямар нэг асуудлыг шийдэхэд нэн
хялбар болдог. Ямар ч асуудал өөрийн гэсэн шинж тэмдэгтэй байдаг. Жишээ нь
ханиад хүрэхэд бид халуурдаг. Агаарын бохирдол ихтэй байвал утаатай болдог. Энэ
бүхэн бол асуудлын зөвхөн шинж тэмдэг нь юм. Шинж тэмдгийг танимагцаа
бид асуудлыг нэн даруй шийдэх гэж оролддог. Гэвч асуудлыг урт
хугацаанд нь зөвөөр шийдэх гэж байгаа бол бид зөвхөн шинж тэмдгийг дарах нь
галыг түр унтрааж байгаатай адил. Харин хэрхэн тэр асуудал бий болсныг ойлгох
хэрэгтэй. Улаанбаатарын утааг авч үзье. Бид утаа байгааг харснаар яагаад энэ
утаа үүссэнийг мэдэхийг хичээнэ. Улмаар хүмүүсийн нүүрс түлж амьдарч байгааг
мэдмэгц тэднийг нүүрсээ түлэхийг болиулах гэж оролдъё. Гэвч бид яагаад энэ
хүмүүс нүүрс түлж амьдарч байгааг эхлээд асуух хэрэгтэй. Ингэж гүнзгий ухаж
асуусаар эцэстээ бид асуудлын гүнд нь орох хэрэгтэй. Магадгүй жинхэнэ асуудал
нүүрс түлэх биш харин иргэд хөдөөнөөс хотод нүүж ирж байгаа шилжилт хөдөлгөөн ч
байж болно. Системийн инженерчлэлийн гол зорилго нь асуудлын шинж тэмдэгт хариу
үйлдэл үзүүлэлгүйгээр яагаад тэр шинж тэмдэг гарч байгаа тухай эцсийн хариултыг
олтлоо ухаж асуухад л оршиж байгаа юм.
-Хүмүүс аливаа асуудлын маш өнгөц хэсгийг л хардаг тухай
та мөсөн уулын загварыг жишээ авч лекцэндээ дурдаж байсан. Энэ тухайгаа
дэлгэрэнгүй яриач.
-Тэгэлгүй яахав, энэ бол системийн сэтгэлгээнд хэрэглэгддэг
нэг ойлголт юм. Бид ямар нэг үйл явцыг харахдаа зөвхөн мөсөн уулын уснаас ил
гарсан хэсэгтэй адил өнгөц талыг нь л харж байдаг. Гэвч энэ загварын дагуу
хэрэв та зөвхөн нүдэнд харагдаж байгаа жижиг асуудлыг л аргацаагаад өнгөрвөл
хэсэг хугацааны дараа уг асуудал илүү том болж гарч ирдэг. Миний ярих дуртай
нэг жишээ бол 1950 онд Азийн Борнио арал дээр болж байсан цусан суулгацын
халдварт өвчнийг хэрхэн дарах гэж бүтэлгүйтэж байсан бодит явдал юм. Энэ үед
нутгийн иргэд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас тусламж хүссэн ба шийдэл нь
DDT гэх химийн бодисыг цацах байв. Уг бодисыг одоо хүмүүс сайн мэдэхгүй ч
энэхүү бодис нь маш хүчтэй учир түүгээр амьсгалсан шавж, ургамлууд бүгд үхдэг.
Удалгүй энэ бодисыг цацсаны үр дүнд уг өвчнийг тарааж байсан шумуулууд үхсэнээр
цусан суулга өвчний тархалт дарагдав. Гэвч удалгүй хоёр зүйл тохиолдож эхлэв.
Эхлээд урцуудын дээвэр нурж унаж эхэлсэн ба үүний дараа хүмүүс тахлаар нас барч
эхлэв. Ингэснээр ДЭМБ-аас дахин Борнио арал дээр мэргэжилтнүүд очиж шинжилгээ хийхэд
өмнө нь цацсан хүчтэй бодисонд нэгэн төрлийн зөгий олноор үхсэн аж. Уг зөгий нь
дээврийн материалаар хооллодог жаран хөлтийг иддэг байсан ба зөгий үхсэнээр
жаран хөлт ихэсч дээврүүдийг идэж эхэлсэнээр дээврүүд нурсан аж. Хоёрт,
шумуулаар хооллодог байсан гүрвэлүүд үхэж улмаар гүрвэлийг барьж иддэг байсан
муурнууд үхэж эхэлсэн байлаа. Үр дүнд нь хархнууд олширсоноор тахал улам хүчтэй
тархсан аж. Энэ удаа тэд асуудлыг шууд шийдчихэж болохгүйг ойлгосон юм. Ийнхүү
ДЭМБ илүү байгалийн аргаар шийдэхийн тулд хархнуудын тоо толгойг цөөлөхийн тулд
муурнуудыг шүхрээр Бониад буулгаж байв. Удалгүй муурнууд хархнуудыг барьж идэж
тоо толгойг нь цөөлснөөр уг тахал дарагдсан юм.
Ямар нэг зүйлд сэтгэл хөдлөл ихтэй хандах тусам бид төдий
чинээ илүү хариу үйлдэл үзүүлдэг
-Заримдаа хүмүүсийн хувьд аливааг сонсоод өнгөрөх болон
сонссоноо амьдралдаа хэвшүүлж хэрэгжүүлэхийн хооронд том зааг байдаг шүү дээ.
Та амьдралдаа үүнийг хэвшүүлж чадсан уу. Хэвшүүлэхэд ямар хүндрэлүүд гарч байв?
-Бид бүгд л хүмүүс шүү дээ (инээв) Бид хамгийн
түрүүнд байгалиас заяасан өгөгдлийнхөө дагуу бүх л зүйлд шууд хариу үйлдэл
үзүүлдэг. Ямар нэг зүйлд сэтгэл хөдлөл ихтэй хандах тусам бид төдий
чинээ илүү хариу үйлдэл үзүүлдэг. Энэ бүхнийг шийдэх гол арга бол ердөө л
өөрийгөө сайтар мэдэх явдал юм. Бид өөрсдийнхөө зан авир, гаргадаг үйлдлийг
сайтар ажиглаж мэдсэнээр аливаа зүйлд хэрхэн хариу үйлдэл гаргаж байгаагаа
анзаардаг болно. Нэгэнт өөрийгөө ажиглаад сурчихвал хариу үйлдэл гаргахын оронд
яагаад би энэ хариу үйлдлийг гаргах гээд байна гэх мэтээр өөрөөсөө асууж,
өөрийгөө хянаж чаддаг болно. Эцэстээ хүн гэдэг гурван зүйлийн л үр дүн шүү дээ.
Нэгд, бид эцэг эхээсээ уламжилж авсан генийн өгөгдөлтэй биологийн амьтад. Энэ
нь бидний хэрхэн амьсгалж, алхаж, инээж байгааг тодорхойлдог. Хоёрт, бид гэр
бүл, найз нөхөд болон ойр дотны хүмүүсээсээ их зүйлийг сурдаг. Гуравт, бидний
өнгөрсөн түүх. Төрсөн цагаасаа бид тодорхой орчинд тодорхой хүрээлэл дунд өсч
торнидог. Энэ бүх бидний өссөн гэр бүлийн хүмүүжил, амьдарсан нийгмийн соёлоос
бид амьдралыг хэрхэн харах загвараа бүтээж байдаг.
-Тэгэхээр бид амьдралыг харах загвараа багаасаа бий
болгодог байх нь ээ?
-Гадаад орчинтой хэрхэн харилцаж, энэ амьдралд өөрийгөө
хэрхэн авч явах загвараа бид хүүхэд байхаасаа бий болгодог. Аажмаар бий
болгосон энэ амьдралын загвар маань цаашлаад ухамсаргүй төлөв рүү шилждэг.
Ингэснээр бид өөрийн мэдэлгүй өөрсдийнхөө зан ааш, хандлагатай болдог. Хүүхдэд
тоглоом өгвөл тэд хэрхэн ажилладгийг нь ойлгохын тулд тэр тоглоомыг жижиг
хэсгүүдэд задалдагтай адил бид ч мөн ялгаагүй нэг том зүйлийг ойлгохын тулд
түүнийгээ жижиг хэсгүүдэд хуваадаг. Ингэснээр жижиг хэсгүүд тус бүр хэрхэн
ажилладгийг ойлгож эцэст нь тэр зүйл томоороо хэрхэн ажилладаг талаарх загварыг
бүтээдэг. Энэ бүх зүйлс хэрхэн ажилладгийг мэдэж эхэлмэгц бид дараагийн
асуултаа асууж эхэлдэг. Яагаад? Бидний ойлгож мэдэж авч буй бүхэн гаднах
орчинтой хэрхэн зохицож ажилладгийг мэдэхийн тулд эцэг, эхээсээ яагаад гэх
асуултыг үргэлж асуудаг. Ингэснээр хүүхдүүд амьдралыг харах загвараа бүтээж
байдаг. Яг энэ үед эцэг эхийн хүүхдүүддээ хэрхэн тайлбарлах нь тэр хүүхдийн
амьдралыг харах загварт ихээр нөлөөлдөг.
Бид асуудлаа байгааг мэдсэний дараа л түүнийг шийдэх
хэрэгтэйгээ ойлгодог
-Насанд хүрснийхээ дараа бид хэрхэн оюуны загвараа
өөрчлөх боломжтой вэ?
-Өөрийгөө ажиглах чадвар. Энэ бүхнийг чи сургуульд сурахгүй.
Харин амьдрал дээр өөрийнхөө үйлдэл болгоноос суралцах боломжтой. Зарим хүмүүс
бясалгал хийдэг. Ингэснээр бид аливаад хэрхэн хандаж байгаагаа сайтар
анзаарснаар түүнийгээ өөрчлөх боломжтой. Хүн болгон өөрийн гэсэн амьдралыг харах
өнцөгтэй. Эхлээд бид амьдралд тохиолдох бүх зүйлсийг өөрсдийнхөө загвараар
дамжуулж хүлээж авдаг. Ингэснээр симуляци хийсний үндсэн дээр хариу үйлдэл
гаргадаг. Энэ бүхнийг бид ухамсартайгаар болон ухамсаргүйгээр хийдэг. Харин
ухамсаргүй үйлдсэнээсээ болоод алдаа гаргаад л өнгөрдөг. Харин ухамсартайгаар
аливааг хийхдээ бид адилхан алдаа гаргаж болно. Гол нь ухамсартай гаргасан
алдаанаасаа бид суралцаж чаддаг тул дараагийн удаа илүү зөв шийдвэр гаргахад
нэг алхам ойртдог.
УРТ ХУГАЦААНЫ ТОГЛООМЫГ БОГИНО ХУГАЦААНЫ ДҮРМЭЭР ТОГЛОХЫН
ХОР УРШИГ
-Системийн инженерчлэл буюу яагаад гэх асуулт, аливааг
харах бидний өнцөг бидний амьдралд маш том үүрэг гүйцэтгэдэг юм байна. Тэгвэл
энэ бүхэн байгууллага дээр хэрхэн ажилладаг юм бол?
-Аливаа байгууллага хэрэглэгчдэд үнэ цэнийг өгөхийн тулд л
оршдог. Тийм ч учраас ямар ч байгууллага тэр энэ үнэ цэнээ маш сайн
ойлгох хэрэгтэй. Харин үнэ цэнийг хүмүүст хүргэе гэж бодож л байгаа бол уг
байгууллагад системийн сэтгэлгээ хэрэгтэй. Хүний биеэр жишээ авъя л даа. Хүний
тархийг байгууллагын удирдлагатай зүйрлэвэл биеийн бусад хэсгүүд нь ажлын
нэгжүүд байх болно. Хүний бие өвдвөл эмч дээр очиж оношлуулдаг шүү дээ. Эмчийн
онош таны зүрх, уушиг эсвэл элгэнд байгаа асуудлыг л хэлж өгнө. Гэвч дангаараа
зүрхний өвчин, уушигны өвчин гэж байдаг билүү? Хүний биеийн бүх хэсэг хоорондоо
харилцаа уялдаатай ажиллаж байдаг. Таны зүрх өвдлөө гэж бодоход магадгүй шингэц
муутай хоол идсэнээс болж цусны тань эргэлт удааширч улмаар зүрх аажимдаа өвдөж
эхэлсэн байж болно. Системийн хаа нэгтээ асуудал гарлаа гэхэд хэзээ ч
тэр хэсэг ганцаараа асуудалтай байдаггүй. Энэ нь үргэлж тэр хэсэг бусад
хэсэгтэйгээ хэрхэн харилцаж байгаагаас л хамаардаг. Байгууллагад ч энэ нь
мөн адил юм. Байгууллагад нэг асуудал гарсан бол тэр нь үргэлж л байгууллагын
бусад хэсгүүдээс хамааралтай л байдаг.
-Байгууллагад нэг зорилго байгаа ч маш олон ажилтан тэнд
байгаа шүү дээ. Хэрхэн ажилтнууддаа үүнийг ойлгуулах вэ?
-Захирал дотроо л байгууллагынхаа алсын хараатай яваад
байвал энэ байгууллага хэзээ ч олигтой үр дүнд хүрэхгүй. Байгууллагын хувьд бүх
ажилтнууд нэг ойлголттой байх нь маш чухал. Мөн хэзээ ч нэг хэлтэс дангаараа
байдаггүй тул бусад хэлтэстэй ямар холбоо хамааралтай байхаа мэдэх нь маш
чухал. Энэ бэрхшээл байгууллага бүрт байдаг байх. Хүн бүрт зорилгыг нь ойлгуулж
ямар зорилгын төлөө хамт зүтгэж байгааг ойлгуулах учиртай. Симфонийн удирдагч
нэг ч нот гаргадаггүй. Тэр ердөө л бүх л хөгжмийн аялгууг нэг зохист хэмнэлд
оруулдаг. Энэ л захирлын гол ажил юм.
-Бүх л хүн сэтгэхдээ ямар нэгэн алдаа гаргадаг шүү дээ.
Тэгвэл зорилгодоо хүрэхэд байгууллагад тулгардаг хамгийн том сэтгэлгээний алдаа
юу байдаг вэ?
-Сэтгэлгээний алдааг богино хугацаанд шийдэхэд хэцүү. Бүх л
компани болон хүн богино хугацааны л үр дүнг хүсдэг. Одоогийн эдийн засгийн
систем маань ч зөвхөн мөнгө гэсэн нэг л хэмжээсээр бүхнийг шийдэж байна. Гэвч
системийн сэтгэлгээ бол зөвхөн богино биш урт хугацааны үр дүнг бий болгоход
чиглэдэг. Зүйрлэж хэлбэл хязгааргүй удаан тоглодог болон богинохон хугацаанд
тоглоод дуусчихдаг хоёр төрлийн тоглоом байна гэж бодъё. Хязгааргүй урт
хугацааны тоглоом нь тухайн тоглоомд хэр удаан тэсч үлдэнэ, тэр чинээгээр илүү
үр дүнд хүрнэ. Харин богинохон хугацааны тоглоом нь тогтсон дүрмүүдтэй бөгөөд
гол зорилго нь удаан тэсч үлдэх тухай биш харин ямар ч хамаагүй аргаар ялах юм. Өнөөгийн
бизнесийн салбарын нэг зөрчил нь бид урт хугацааны тоглоомыг тоглож байгаа ч
богино хугацааны дүрмээр тоглож байгаа юм. Ингэснээр бид богино хугацааны л үр
дүнгийн төлөө тэмцэх хэрэгтэй болдог. Харин богино хугацааны үр дүнд
хүрэхийн төлөө гаргасан шангаа бид урт хугацаандаа төлдөг. Тиймээс бид зөвхөн
мөнгө биш хүмүүсийн сайн сайхан байдал, байгаль орчин зэрэг бусад хэмжээсүүдийг
ч тоглоомын дүрэмд оруулж ирэх хэрэгтэй юм.
-Яг үүнтэй адил байгууллагууд арай урт хугацааны зорилгын
төлөө ажилладаг ч доторх ажилтнууд нь богино хугацаанд л ажиллаад гарна гэсэн
сэтгэлгээтэй байдаг зөрчлийг хэрхэн шийдэх боломжтой вэ?
-Энэ асуудал үргэлж л байсаар байх болно. Гэвч чи энэ бүхэнд
системийн сэтгэлгээгээр хандвал энэ нь нэг алба хэлтэс эсвэл ажилтан бусдаасаа
илүү ажиллах тухай биш юм. Байгууллага тэр чигээрээ сайн ажиллавал бүгд дор
бүрнээ хичээснээс илүү үр дүнд хүрч чадна. Энэ бол байгууллагын дотоод
хэсгүүдийн харилцан уялдааны тухай юм. Мэдээж байгууллагад хэцүү үе ч гарна,
сайхан үе ч тохиолдоно. Тэр бүгдэд сайн муу бүх зүйлсээ байгууллагынхаа
ажилтнуудтай хуваалцах хэрэгтэй. Зөвхөн сайн үед л захирал нэмэлт шагнал аваад
ганцаархнаа явж болохгүй юм.
-Та 30 жилийн турш төслийн салбарт ажиллахдаа мэдээж олон
янзын ялгаатай баг, хамт олонтой ажилласан байх. Ямар нэг баг эсвэл төслийг
ахлахдаа хамгийн түрүүнд ямар алхмуудыг хийдэг вэ?
-Хамгийн эхэнд хийдэг зүйл маань хамтдаа юунд тэмүүлж
байгаагаа багийнхандаа маш сайн ойлгуулах. Яагаад бид энэ бүхнийг хийж байгаа,
юунд зорьж байгаа юм, тэрхүү зорилгодоо яаж хүрэх зэрэг дээр бид сайтар
ойлголцсоны дараа ажлаа эхлүүлдэг. Энэ бүхнийг ярилцсанаар бүх асуудлыг
шийдчихэж байгаа хэрэг биш ч бид шийдвэр гаргаж чадахгүй нөхцөлд орж мухардвал
эдгээр ярилцсан зүйлсээ эргэн санах нь ач тустай. Байгууллагууд алба
хэлтсүүддээ өөрсдийн нэгдсэн зорилгоо сайн ойлгуулж чадаагүйгээс болж хэлтэс
бүр өөрсдийн зорилгын төлөө ажиллаж эхэлдэг. Тиймээс ажилтнууд байгууллагадаа
хамгийн хэрэгтэй биш харин өөрсдийнхөө хамгийн зөв гэж бодсон зүйлсийг хийж
эхэлдэг. Энэ нь цаашлаад илүү гүнзгий асуудалд хүргэдэг. Би системийн
инженерчлэлд үнэнхүү итгэдэг. Системийн инженерчлэлийн тусламжтай бид илүү
сайхан нийгэм цогцлоогоод зогсохгүй өөрсдийгөө ч хөгжүүлэх боломжтой.
АЛИВАА АСУУДЛЫГ ӨӨРЧЛӨХ ЦОРЫН ГАНЦ АРГА БОЛ ЗӨВХӨН
ӨӨРИЙГӨӨ Л ӨӨРЧЛӨХ
Нийгэмд маань түмэн асуудлууд бий, түүнийг дагаад
түмэн шүүмжлэл байдаг. Аливааг шүүмжлэх шиг амархан зүйл байхгүй. Таксины
жолоочтой таван үг солиход л үүнийг мэдэж болно. Гэвч бид яагаад аливааг
шүүмжилдэг юм бол? Шүүмжилснээр тэр асуудлыг өөрчилж чадна гэж боддог юм болов
уу? Хэрэв тийм бол та буруу бодож байх магадлал тун өндөр. Өөрөөсөө бусдыг
өөрчилнө гэдэг маш хэцүү. Харин та зөвхөн өөрийгөө л өөрчилж чадна. Хоосон
шүүмжлээд сурсан сэтгэлгээгээ өөрчилж “Үүнийг шүүмжлэхийн оронд БИ ЮУ ХИЙЖ
ЧАДАХ БИЛЭЭ?” гэж өөрсдөөсөө асуумагц бид асуудлыг бодит өнцгөөс харж эхэлдэг.
Улмаар өөрсдийн сэтгэлгээнээсээ ӨӨРЧЛӨЛТ-ийг эхэлвэл бидний ШҮҮМЖИТ нийгэм ямар
нийгэм болж өөрчлөгдөх бол? Зөвхөн өөрийнхөө сэтгэлгээгээ л өөрчлөхийн ач тусыг
ойлгож улмаар системийн сэтгэлгээнд суралцаж, бусдад сурсан эрмдээ хуваалцах
гэж яваа нэгэн мэргэжилтэн бол Жавахар Балла юм.
-Та өдөр тутамдаа хэрхэн шийдвэр гаргадаг вэ. Ямар нэгэн
арга байдаг уу?
-Аливаа шийдвэрийг гаргахаасаа өмнө би өөрөөсөө юуг, яаж
хийх тухай биш харин яагаад хийх хэрэгтэйг асуухыг хичээдэг. Энэ асуулт бидэнд
асуудлын илүү гүн рүү орох боломжийг олгодог ч амар зам биш тул түр зуурын
шийдлийг сонгочих нь хялбар санагддаг. Өнөөдөр хэн ч уур амьсгалын өөрчлөлтийг
хүсээгүй ч бодит байдал дээр дэлхий дулаарч байна. Бидний хийж буй алхмууд
эцэстээ бидний хүсээгүй үр дүнг бий болгож байдаг. Системийн сэтгэгч Рассел Акофф “Бидний
жижиг үйлдэл өнөөдөр дэлхийг өөрчилж байна” гэж хэлсэн байдаг. Хэрэв бид энэ
маягаар нийгэмд муу нөлөө үзүүлж чадаж байвал сайн талдаа ч бас нөлөөлж чадна
гэсэн үг. Гэвч ингэхийн тулд бид арагшаа нэг алхаад яагаад энэ асуудал
үүсссэнийг сайтар ойлгох хэрэгтэй. Мэдээж энэ үйл явц аажуу өрнөх ч гэсэн бид
урт хугацаандаа нийгэмдээ зөвөөр нөлөөлөх боломжтой.
-Ажилдаа гаргаж байсан хамгийн том алдаа тань юу вэ.
Үүнээсээ юу сурч байв?
-Гаргаж байсан алдаа бүхэн маань системийн инженерчлэлийг
сайтар ойлгоогүй байсантай их холбогддог. Системийн инженерчлэл гэдэг зүгээр л
нэг системийн үйл явц биш харин системчлэгдсэн системийн үйл явц байсныг
ойлгоогүй явдал байв. Үүнийг ойлгохын тулд би 20 жилийг зарцуулсан юм. Зүгээр л
системийн үйл явц гэж бодож байсан маань би ажлыг л хэрхэн зөв хийх тухай бодож
байсан юм. Харин системчлэгдсэн системийн үйл явц гэдгийг ойлгосноор яагаад тэр
ажлаа хийж байгааг ойлгох хэрэгтэйг ухаарсан юм. Тодорхой төслүүдийн хувьд
зорилгодоо хүрэх л хамгийн чухалд тавигддаг. Ингэснээр тэд яагаад тэр зорилгыг
анхнаасаа тавьсныг бодохоо больдог. Аажимдаа бид яагаад тодорхой ажлуудыг хийж
байгаагаа мэдэлгүй хийсээр байдаг. Эцэст нь бид анхнаасаа зорилгоо зөв
тодорхойлох хэрэгтэй байсныг ухаардаг.
-Ажил, чөлөөт цагаа хэрхэн зохицуулдаг вэ?
-Ажилдаа маш их дуртай учраас хийж байгаа зүйлээ би ажил гэж
хардаггүй. Тийм ч учраас би ажлаа хийхдээ хэт их цаг зарцуулчих гээд байдаг.
Тиймээс ажилдаа зориулж байгаа цаг болон гэр бүл, дотны хүндээ зарцуулах цагийг
тэнцвэртэй байлгахыг хичээдэг. Аль болох гэр бүл, найзуудтайгаа хамт цагийг
өнгөрөөхийг хичээдэг дээ.
Сэтгэлгээний загварууд дээрээ төвлөрч ажиллахын тулд би
өглөө эрт гурваас дөрвөн цагийн хооронд босдог
-Ямар нэгэн зүйлд сатаарахгүйгээр ажлаа хийх нь маш чухал
шүү дээ. Ялангуяа цэгцтэй сэтгэх, маш ихээр төвлөрөх шаардлагатай ажил хийж
байх үед. Харин та хэрхэн ажил дээрээ төвлөрч ажилладаг вэ?
-Үнэхээр зөв асуулт. Хүн бүрт чимээ аниргүй орчинд ажиллах
цаг хэрэгтэй. Миний хувьд сэтгэлгээний загварууд дээрээ төвлөрч ажиллахын тулд
би өглөө эрт гурваас дөрвөн цагийн хооронд босдог. Ингэснээр шинэ санаа төрөх
үед би түүнийг цаг алдалгүй буулгах боломжтой. Өглөө эрт босоод санаанд байгаа
зүйлээ буулгаж чадахгүй бол би буцаад унтаад босоход заримдаа түүнийг буулгахад
илүү амар болчихсон байдаг. Заримдаа яагаад энийг өмнө нь хийж чадаагүй юм бол
гэмээр хялбар санагдах үе ч байдаг. Хамгийн чухал нь би өглөө боссоныхоо дараа
утсаа оролдолгүй, и-мейлээ шалгалгүйгээр юунд ч сатааралгүй суудаг. Миний хувьд
хамгийн бүтээлч байдаг цаг маань өглөөний цаг. Босонгуутаа юунд ч сатааралгүй
зөвхөн цагаа л хараад ширээний ард сууснаар би хамгийн бүтээлчээр ажиллаж
чаддаг. Энэ сахилга бат маш чухал шүү.
-Та оюутан байхаасаа өглөө эрт илүү бүтээлч байдгаа
анзаарч байсан уу. Эсвэл илүү сүүл үе рүүгээ юу?
-Илүү сүүл үедээ юм байна. Томоохон байгууллагатай хамтарч
ажиллаж байхдаа системийн загварчлал, симуляцийн талаар судалж байсан үе. Энэ
үед тодорхой үүргүүдтэй болж мөн тодорхой цагийн хуваарьтай ч болоод байлаа.
Гэвч илүү бүтээмжтэй ажиллахын тулд би тэрхүү цагийн хуваариас өөрийгөө чөлөөлж
шөнө эсвэл өглөө бүр и-мейлээ унших гэж оролдохоо больсон юм. Энэ үед өөрийнхөө
хэзээ бүтээлч байдгаа илүү анзаарч байсан юм.
-Та ажлаас гадуур юу хийдэг вэ?
-Гэр бүлийнхэнтэйгээ цаг зарцуулдаг, ууланд гардаг. Бас
хөгжим сонсох дуртай. Би хүүхэд байхдаа хамтлагт байсан юм. Үүний дараа ажил
гэр бүл гээд амьдралд завгүй болж эхэлснээр хөгжимд цаг гаргаж чадахаа больсон.
Харин одоо миний хүү хамтлагт тоглодог.
-Монголчууд нэг талдаа үнэхээр чөлөөтэй, бүтээлч сэтгэдэг
ч гэсэн тэдэнд цэгцтэй сэтгэх чадвар дутагддаг талаар ярьж байсан. Улс болгон
өөрсдийн гэсэн соёлтой шүү дээ. Улс орны соёл нь тухайн хүний сэтгэлгээнд яаж
нөлөөлдөг юм бол?
-Хүмүүсийн сэтгэлгээнд өөрсдийнх нь орны соёл үргэлж
шингэсэн байдаг. Аль орны хүмүүсийн сэтгэлгээний онцлог илүү зөв, буруу гэх
зүйл байхгүй. Тэд зүгээр л хоорондоо ялгаатай юм. Бид ямар нэг зүйлийг хэлэхдээ
өөрсдийн соёл, итгэл үнэмшил дээрээ тулгуурлаж хэлдэг учир бидний сэтгэлгээ
зарим талаараа гажуудалтай байдаг. Бидний харж, үнэрлэж, сонсож, мэдэрч
байгаа амьдрал бол жинхэнэ биш юм. Харин бидний мэдэрсэн бүхэн бидний бий
болгосон загвараар дамжиж тархинд ирдэг. Түүнийг нь бид
боловсруулснаар бодит байдлыг бий болгодог. Харин гаднах орчноос мэдээлэл авч
бидний тархинд дамжуулж буй тэрхүү загвар маань бидний соёл уламжлал дээр
үндэслэсэн байдаг. Хүн бүр өөрсдийн гэсэн өссөн орчин, итгэл үнэмшилтэй. Бүх
зүйл загвар шүү дээ. Физикийн шинжлэх ухаан гэхэд таталцлын хууль яаж ажилладаг
талаарх нэг загвар. Гэвч энэ загвар химийн шинжлэх ухаанд тохирохгүй шүү дээ.
Химийн шинжлэх ухааныг ойлгохын тулд бидэнд химийн загвар хэрэг болно. Ямар нэг
зүйлийг бодохдоо бүх талаар нь өргөн хүрээнд бодоод үз. Тэгээд юу болохыг хар.
Ертөнцийн бүх зүйлд ажилладаг цор ганц хууль гэж байхгүйтэй адил цор ганц үнэн
ч гэж байхгүй. Тиймээс бид үргэлж бусдын амьдралыг харж буй загварыг ойлгох
хэрэгтэй болдог.
-Их сургуульд системийн инженерчлэлийн талаар
суралцсан тухайгаа яриач. Ямар хичээлүүд үзэж, ямар материалууд уншиж судалдаг
байв?
-Оюутан болоод удаагүй байхдаа их сургууль системийн
инженерчлэлийг заадаггүй харин системийн инженерчлэлийн үйл явцыг заадгийг
мэдсэн юм. Хичээлүүд үзсэний дараа би системийн сэтгэлгээний талаар өчүүхэн
хэсгийг нь л олж харж байв. Миний түрүүнд дурдсан Рассел Акофф эдгээр
ойлголтуудыг маш энгийнээр боловсруулж тайлбарласан юм. Петер Сенге байгууллагын
хувьд системийн сэтгэлгээний талаар бичдэг нэгэн. Чили улсын биологич Умберто Мутарана хүмүүс
хэрхэн өөрсдийгөө бүтээх чадвартай талаар судалсан. Бид сэтгэлгээний загвараа
ашиглан өөрсдийн бодит байдлаа бүтээдэг талаар ярьдаг. Бид харж буй бодит
байдлаа бий болгодоггүй, бий болгосон бодит байдлаа хардаг гэсэн үг бий. Чиний
мэдрэмжүүд чамд юу гэж хэлж байгаад битгий найд. Энэ бүхэн ердөө л чиний дотор
байгаа сэтгэлгээний загварт болж буй үйл явц. Бид хүлээж авч, боловсруулж
хамгийн сүүлд нь бид хардаг. Карл Юнг ч мөн
системийн нэгэн гайхалтай сэтгэгч бөгөөд тэрбээр энэ үгийг ашигладаггүй ч
тэрбээр хүмүүс хэрхэн өөрсдийн загварыг бий болгосноор тодорхой үйлдлүүд хийдэг
тухай судалдаг байв. Энэ бүх хүмүүсийн бичсэн ном, материалуудыг уншсанаар би
системийн сэтгэлгээ гэж юу байдгийг бага багаар ойлгож байсан юм.
-Одоо байгаа мэдлэгтэйгээ өнгөрсөнд очвол та юу хийх
вэ?
-Боловсролын систем рүү орно доо. Мэдээж нийгмийн асуудал
зөвхөн боловсролын системээр хязгаарлагдахгүй л дээ. Засгийн газар, улс төр
зэрэг бүх л салбарт байгаа. Системийг томоор нь ойлгохын тулд түүнийг жижиг
хэсгүүдэд хувааж хэсэг болгон яаж ажилладгийг мэдэх хэрэгтэй болно. Гэвч
эцэстээ тэр хэсгүүд хоорондоо хэрхэн уялдаатай ажилладгийг мэдэх хэрэгтэй.
Ингэж л бид сурдаг. Тиймээс зөвхөн нэг зүйл дээр мэргэшихээс гадна бүх зүйлсийг
хоорондоо хэрхэн харилцан шүтэлцээтэй байдгийг мэдэх хэрэгтэй болдог. Үүнийг
эрт ойлгох тусмаа сайн. Хачирхалтай нь хүүхдүүд үүнийг мэддэг. Тэд аливаа
зүйлийн хоорондын холбоо хамаарлыг маш их сонирхдог. Гэвч бид тэр сониуч занг
нь “хулгайлдаг”.
-Эртний философич Гераклит “Нэг голын усанд хоёр орж
болохгүй” гэж хэлсэн байдаг. Үүнийг батлах мэт бид амьдралынхаа туршид
тасралтгүй өөрчлөгдөж байдаг шүү дээ. Одоогийн та болон системийн сэтгэлгээг
сонирхож эхлээгүй байсан таны хооронд ямар ялгаа гарсан бэ?
-Хоёр зүйл миний толгойнд орж ирж байна. Нэг нь би залуу
байхдаа ямар нэг зүйлд мэргэжилтэн байх ёстой гэж боддог байсан. Тийм ч учраас
би нисэхийн инженер болсон. Нөгөө нь би тэр үед ирээдүйд яах бол гэсэн айдастай
байдаг байсан. Би хүссэндээ хүрч чадах уу? гэх мэтчилэн санаа зовох маш их
зүйлс надад байсан. Эргээд бодоход байнга л айх айдастай байж олон зүйлд санаа
зовсноор би өөрийгөө л хязгаарлаж байсан. Туулсан амьдралынхаа нэг ч
зүйлийг өөрчлөхгүй хэмжээнд би амьдралдаа хайртай. Гаргасан алдаа
болгон минь намайг дараагийн шатанд суралцахад тусалж байсан. Өнгөрсөн
амьдралдаа гаргасан бүх алхмыг хийгээгүй бол өнөөдөр энд байж байхгүй байсан.
Би хийж байгаа зүйлдээ маш их дуртай. Аажимдаа миний айдас догдлолоор солигдож,
нийгмээ хөгжүүлэхэд хэрхэн өөрийн хувь нэмрээ оруулах вэ гэсэн баяр хөөр болж
хувирсан юм. Одоо би амьдарч байгаа хором бүрээ мэдэрдэг.
-Дэлхийн бүх компанийн захирлын өмнө үг хэлэх боломж
олдвол та юу гэж хэлэх үү?
– Хүн бүр нийгэмд өөрийн гэсэн орлуулшгүй хувь нэмэртэй мөн
өөрсдийн гэсэн амьдралын онцгой зорилго, хүсэл тэмүүлэлтэй. Харин тэрхүү
зорилгод хүрэх арга нь системтэй сэтгэх явдал байдаг. Системийн сэтгэлгээний
гол онцлог нь хүсэл тэмүүллээ бодит болгоход бидэнд тусалдаг. Миний хийж чадах
зүйлс бол хүн бүхний зорилгодоо хүрэхэд туслах хэрэгслийг л тэдэнд зааж
ойлгуулах явдал юм.
-Амьдралдаа системийн сэтгэлгээ ашиглаж шийдсэн бодит
жишээнийхээ тухай яриач?
-Өнөөдөр дэлхийд хамгийн түгээмэл систем бол гэр бүл. Залуу
байхдаа би хүмүүсийн харилцааны талаар сайн ойлголтгүй байлаа. Ихэвчлэн л
өөрийнхөө тухай л илүү боддог, би гэсэн үзэлд л баригддаг байв. Надад тулгарсан
хамгийн том бэрхшээл бол өөрийн үүсгэсэн асуудалтайгаа нүүр тулах байв. Өмнө нь
би өөрийн гаргасан алдаагаа бусдад тохох хандлагатай байсан. Харин
миний сэтгэлгээнээс болоод л миний харилцаа, миний амьдралд асуудал үүсч
байгааг ойлгосноор би өөрийгөө л өөрчлөх хэрэгтэйгээ ойлгосон юм. Аливаа
асуудлыг шийдэх цорын ганц арга нь зөвхөн өөрийгөө л өөрчлөх. Амьдралдаа би
үүнийг л ойлгосон бас үүнд л суралцаж явж байна.
Эх сурвалж:https://business.mn
БИ АЖЛАА ХЭРХЭН САЙЖРУУЛДАГ ВЭ: Асуудлыг шийдэх цорын ганц арга нь өөрийгөө л өөрчлөх
Reviewed by https://paradigmmn.blogspot.com/
on
12:50 PM
Rating: