Мэдлэг, мэдлэг тархалт бидний амьдралд
“Амьдралаас урган гарч буй бүхий л асуудалд үнэн сэтгэлээсээ ханд. Та юу тарина тэрийг л хураана” гэх мэт эдгээр үгнүүд өдөөлт, хариу үйлдлийн хамаарал, харилцан үйлчлэлийн үр дүнд дотоод сэтгэлээс мэдлэгийн тусламжтайгаар урган гардаг. Эдгээр хүчтэй үгнүүд бидний сэтгэлийн угт хүрч чаддагаараа үнэхээр гайхамшигтай юм. Нэгэн удаа би нэг хүнтэй санамсаргүй тохиолдлоор мэсэнжирт мэдлэг, мэдлэг тархалтын тухай хүүрнэхдээ энэ хоёр үгийн талаар эссэ бичихээр амлаж, тархиндаа тариснаас хойш нэлээдгүй цаг хугацаа өнгөрчээ. Тархиндаа тарисан энэ хоёр үрийнхээ ургацыг хураах арга ухаан дутмагаас болж нэлээдгүй хөглөж байна даа. Ёстой нөгөө мэддэгээ мэдэх тусам мэдэггүй болдогтой адил зүйл болж билээ. Ямар ч байсан хэлсэндээ хүрэхийг хичээндээ.
Мэдлэг
Бид өдөр тутам ямар нэг асуудалдтай тулгарч байдаг. Тэр асуудлыг шийдвэрлэж буй хэлбэр нь бидний мэдлэг, чадвар, зуршилтай ихээхэн хамааралтай. Үүнээс мэдлэг нь оксфордын тайлбар толь бичигт “Мэдлэг бол дадлага туршлага, боловсролыг өөрийн чадвар болгохыг хэлнэ” гэжээ. Мэдлэгийн хүчээр бид баялагийг бүтээдэг байна. Үнэхээр мэдлэг баялаг бүтээгч үндсэн зүйл мөн үү? Үүнд мэдлэг тархалт нөлөөлсөн үү? гэх мэт асуултууд хариултыг мэдэхийн тулд эхлээд юуны өмнө мэдлэг хэмээх ойлголтоо тодорхойлох нь зөв болов уу. Мэдлэгийг бүтээн бий болгох үйл явц, олж авах арга хэрэгсэл, үнэлж дүгнэх хэлбэр байдал нь олон талтай. Орчин үед судлаачид мэдлэгийг дараах байдлаар тодорхойлсон байна. Аливаа “зүйл” нь “мэдлэг” гэж тооцогдохын тулд дараах гурван шаардлагыг хангасан байх ёстой гэнэ. Үүнд:
1. Адил төстэй байх: Энэ нь бидний мэдлэг бодит байдалтай тохирч байх. Мөн тэмдэглэж буй объекттойгоо адил төстэй байх гэсэн үнэний сонгодог онолын үзэл санааг агуулж байна гэсэн үг.
2.Итгэл үнэмшил бүхий байх: Аливаа мэдлэг нь зохих хэмжээгээр үнэний хувь бүхий байх бөгөөд энэ нь танин мэдэгч субъектийн зүгээс тодорхой хэмжээний итгэл үнэмшлийг шаардаж байдгийг илэрхийлдэг.
3.Үндэслэл бүхий байх: Энэ нь логикийн “хангалттай үндэслэлийн хууль” ёсоор аливаа мэдлэг үнэн магадтай байхын тулд ямагт тодорхой үндэслүүдээр шалгагдаж нотлогдсон байх гэсэн шаардлагыг илэрхийлдэг. Эндээс “мэдлэг бол тэмдэглэж буй обьекттойгоо адил төстэй бүхий үндэслэгдсэн итгэл үнэмшил” гэж тодорхойлдог байна. Үүнээс гадна мэдлэг нь өөрөө олон төрлийн хэлбэртэй бөгөөд мэдэх гэсэн үг ч олон янзын байдлаар хэрэглэгддэг байна. Танин мэдэхүйн онолд мэдлэгийг дараах гурван төрлөөр авч үздэг.
Үйлдэхүүн мэдлэг буюу мэдлэг бол ур чадвар мөн. Энэ нь мэдлэг гэдгийг ямар нэг үйлдлийг хийх бололцоо, түүнийг хэрэгжүүлэх чадварыг ойлгоно.
Харилцааны мэдлэг буюу мэдлэг бол харилцаа. Мэдлэг нь бодит байдалтай тодорхой харилцаа холбоонд орсоны дараах үндсэн дээр үүсэж хуримтлагддагийг илэрхийлнэ.
Мэдээллийн мэдлэг буюу мэдлэг бол мэдээлэл. Мэдлэгийн энэ утга нь юмс үзэгдлийн шинж чанар харилцаа, холбоо, зүй тогтолын талаарх мэдлэгийг мэдээллийн замаар олж авахыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл мэдлэгийн үндсэн агуулга нь мэдээллийн урсгал байдлаар хэлбэржиж байна.( Мэдлэг яагаад чухал вэ? 2002 оны 06 дугаар сар-УБИС-ийн философийн багш тэнхимийн багш Ч.Алтангэрэл)