Мэдлэг тархалт
Эмх цэгцтэй мэдээлэл нь мэдлэг юм. Эдгээр эмх цэгцтэй мэдээллийн тусламжтайгаар мэдлэг тархалт явагддаг байна. Тэгэхээр мэдлэг дамжуулах хэлбэрүүдийн цогцыг мэдлэг тархалт гэж болно. Баялаг бүтээх үндсэн болон үндсэн бус хүчин зүйл нь хүний харилцааны хөгжлийн үе болгонд тодорхой шалгууртайгаар өөрчлөгдөж ирсэн. Тодруулбал: Хүн байгалиас хараат байсан нь өөрийн хөдөлмөрлөх чадвараас шууд хамааралтай байж хөдөлмөрийн багаж зэвсэг, гоёл чимэглэл, ХАА-н чиглэлийн анхны мэдлэг хуримтлагдаж түүнд түшиглэсэн газар гэсэн ойлголтоос улбаатайгаар баялаг бүтээх гол хүчин зүйлийн тухай шинэ ойлголтыг бий болгосон үе нь энгийн нийгмийн төгсгөл, нийлмэл нийгмийн эхэн үетэй (МЭӨ 50000-6000 жил) шууд холбогдох бол 21-р зуунд баялаг бүтээх үндсэн хүчин зүйл нь “мультмедиа” шалгууртайгаар “мэдлэг” болж өөрчлөгдсөнтэй холбоотой.
Хүн төрөлхтөн өөрийн хөгжлийн түүхийн явцад мэдлэгийг дамжуулах шууд ба шууд бус гэсэн үндсэн хоёр аргыг гарган ирсэн. Хүний мэдлэг дамжуулах анхны арга бол өөрийн үйлдлийг даган дууриалгах замаар өөрийн эзэмшсэн мэдлэгийг бусдад дамжуулах арга ухааныг шууд арга гэнэ. Энэ арга нь хүний бүхий л мэдрэхүйн эрхтэн орчны нөхцөл байдалд оролцдогоороо өвөрмөц юм. Харин шууд бус арга нь харилцааны хэрэгслээр дамжин мэдлэг мэдэгчээс хүлээн авагчдад дамждаг арга юм. Энэ арга замын гол элементүүд нь хэл яриа, бичиг үсэг, техник технологи болон орчин цагийн мультмедиа зэрэг юм. (Хүснэгт 1-sunny@gmail и-мэйл авч болно)
Хомосапиенс байгалийн амьтнаас ялгагдах болсон гол шалгуур нь хэл яриа болон анхны эд баялгийн хуримтлалыг үүсгэж эхэлсэнтэй холбоотой. Хэл яриа үүсэж хөгжсөнтэй уялдаж баялаг бүтээх үндсэн хүчин зүйл нь хөдөлмөр байсан. МЭӨ 800 оны орчимд Грекчүүд зөвхөн гийгүүлэгч байсан цагаан толгойд эгшиг үсэг нэмж өгсөнөөрөө үнэтэй хувь нэмэр оруулж мэдлэг тархалтанд эрс өөрчлөлтийг авчирсан. Энэ үеэс мэдлэг дамжуулалтын шууд бус арга хэлбэр хөгжиж, баялаг бүтээх үндсэн хүчин зүйл нь газар, дагалдах зүйлс нь хөдөлмөр ба капитал гэсэн ойлголт нэмэгдэн орсон. Шууд бус арга гэдэг нь мэдээлэл харилцааны ололтын үндсэн дээр мэдлэг дамжуулах шинэ арга ухаан юм. Хүний харилцааны хөгжил нь хэл яриа, бичиг үсэг, дүрс бичлэг, мультмедиа гэсэн олон хэлбэрүүдээр дамжин мэдлэг тархалт, цар хүрээний өргөн далайцтайгаар хөгжжээ. 15-16-р зуунд Европод Чингис хааны бий болгосон технологи хэмээх ойлголтын өрсөлдөөн хурдацтай явагдаж 1450 оны орчимд Германы Майнз хотын иргэн Ёохан Гутенберг хэвлэх технологийг бүтээснээр хүн төрөлхтөний харилцааны хурдад чухал түлхэц болсоноор барахгүй бүтээгч хүчийг ашиглах тал дээр Европчуудад шинэ нээлт болсон байна. 17-18 зуунд дэлхийн шинжлэх ухааны салбарууд үүсэж хөгжсөн нь мэдлэгийг онолоор бүтээх хөдөлмөрийн хуваарийг гаргахад хүргэсэн. 18-19 зуунд капиталтай хүн баялагийг бүтээгч болж байсан бөгөөд энэ зуунд баялаг бүтээх үндсэн хүчин зүйл нь капитал, газар, технологи, хөдөлмөр гэсэн эрэмбэлэлтэй болов. Харин 20-аар зууны эхний хагасаас сүүлчийн хагас хүртэл технологид баялаг бүтээх, эзэмших эрх мэдэл шилжсэнээр технологи, капитал, газар, хөдөлмөр гэсэн дараалалд оржээ. 21-р зуунд баялаг бүтээх үндсэн хүчин зүйлд "Мэдлэг" нэмэгдэн орж ирэх гол тулгуур нь "Мультимедиа" болсон байна. Мэдлэг хэмээх шинэ хүчин зүйл орж ирснээр баялаг бүтээх үндсэн хүчин зүйлийн эрэмбэлэлт нь мэдлэг, технологи, капитал, газар, хөдөлмөр болжээ. Тиймээс бидний амьдарч буй нийгэм бол хувь хүний мэдлэгт тулгуурласан мэдээллийн эрин зуун юм. Орчин үед мэдлэг нь үндсэн хүчин зүйл болж байна гэдэг үндэслэлүүдийг харуулсан ном, бүтээл туурвих болсон байна. Жишээ нь “Баян аав, Ядуу аав” номонд:
Энэ мэдээллийн эрин зуунд таны хамгийн том актив (ашиг авчирдаг хөрөнгө) бол хувьцаа, облигаци, үйлдвэрлэлийн газар биш харин дээд зэргийн шинэ мэдээлэл юм.
гэжээ.
Тухайн улс орны иргэдийн мэдлэгийн зөрүү бага байх тусам улс орны хөгжил урагшлах нь хурдан байдаг. Мэдлэг тархалт муу байгаагаас болж бид хуучин мэдээлэлтэйгээ зууралдсаар мод түлж, модоороо хэнд ч хэрэггүй том том хашаа (бидний оюун сэтгэлгээний томоохон орон зайг хуучин технологи, эзлэж байна ) амиа аргацаасан бэлчээрийн малаа маллаж, хоцрогдсон арга техниктэйгээ ноцолдох сэтгэлгээтэй хамт амьдралын түвшин доошилсоор байгаа нь харамсалтай. 21-р зуун ямар эрин зуун бэ? гэдгийг тодруулсан үндэслэлийг “Дэлхий бөөрөнхий биш” номонд:
Yahoo-гийн үүсгэн байгуулагчдын нэг Жерри Янг “Орчин үед хүмүүс өөрийгөө эмчлэх, зугаацах бас хоол хүнс, машин, байр, бүтээгдэхүүн авах гэх мэт бүхий л үйлдлийг хийхээсээ өмнө мэдээлэл хайх болсон. Үүний үр дүнд тэд илүү ухаантай, үр дүнтэй үйл хөдлөл хийх болсон” гэжээ.
Хамгийн сүүлд хийгдэж буй нэгэн хүүхэлдэйн киноны дуу оруулах хэсэг нь Нью-Йорк, Лос-Анжелос хотуудад, дизайн нь Сан Францискод, харин зурагнууд Флорида, Лондон, Нью-Йорк, Чикагод гэртээ ажлаа хийдэг чөлөөт зураачид, харин хөдөлгөөн буюу “амь оруулах ” хэсэг Энэтхэгийн Бангалор хотод 8 дизайнерын удирдлага дор хийгдэж буйг харуулсан юм. Мэдээж энэ бүх ажил интернэтээр, утсаар явагдаж байлаа.
Монгол орны хувьд хүнд маш их хүч, нөлөө бололцоог олгох компьютер, шилэн кабель, дижитал технологийг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх тал дээр хэрэв бид ажиллах юм бол амьдралын нөхцөл сайжрахаас гадна, баялгийг илүү хямдаар бүтээх боломж бүрдэх юм. Өнөөдөр бид шинжлэх ухаандаа жилд төсвөөс 16 орчим тэрбум төгрөг зарцуулж байна. Эрдэм шинжилгээний 60-аад хүрээлэн, арваад их дээд сургууль, 2000 орчим судлаач ажилтан энэ мөнгөөр жилд 400 гаруй төсөл хэрэгжүүлж үр дүнд нь 150 орчим шинэ патент санаа, бүтээл бий болгодог. Харамсалтай нь эдгээр 150 патентуудыг хэн ч лицензийн гэрээгээр авч ашиглахгүй байгаагаас эдийн засгийн эргэлтэд орж мөнгө болж чадахгүй байна. Мэдлэг тархалтыг ашиглан мэдлэгийг мөнгө болгодог аж үйлдвэр, үйлдвэрлэлийг эрхлэгч энтерпренерүүдийг бий болох хэрэгтэй байна. Тэгэхээр ийм мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавих боломжтой бөгөөд үүнд төр гол үүрэг гүйцэтгэж, үндэсний хөгжлийн цогц бодлого, стратегиэр хангаж өгөх ёстой. Био, нано, мэдээллийн технологид түшиглэсэн аж үйлдвэрийг хөгжүүлж, мэдлэг, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, энэ салбарт ажиллах аж ахуйн нэгж, хүмүүсийн тоог нэмэгдүүлэх нь хөгжлийн гарц. Өөрөөр хэлбэл бид харах өнцөгөө өөрчилж мэдлэгт тулгуурласан хөгжил рүү анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Эцэст нь дүгнэхэд мэдлэг дамжуулах арга өөрчлөгдөх тусам хүний амьдрах нөхцлийг сайжруулсан шинэ хүчин зүйл нэмэгдэн хүн ам өссөж байсан. Нэг хүний эзэмшилд байгаа баялгийн дундаж хэмжээ, шинэ хүчин зүйл өөрчлөгдөх бүрт нэмэгдэж, улс орон, хувь хүний баялгийг бүтээх цараа ямар хүчин зүйл эзэмшиж байна вэ? гэдгээс хамааран хөгжиж байна. Хэрэв мэдлэг тархалтанд нөлөөлдөг шинэ хүчин зүйлийг зөв ашиглаж чадсан хэн бүхэн баялагийг илүү хямдаар бүтээх боломжтой. Монголд глобальчлалын гуравдугаар үе шатыг авч хөгжлийн чиг хандлагаа болговол өндөр хөгжилтэй орнуудын хөгжлийн тоосонд нь дарагдах биш урдаас нь амдаж очин замд нийлэх боломжийг нь бид олж авч чадна. Технологийн давуу тал бүх зүйлийн давуу тал гэдгийг тэд аль эрт мэдэрч эдийн засгийг чирэгч салбар мэт ойлгож байсан нь цаг үеэ өнгөрөөж мэдлэгт тэмүүлэх орон зайг хайх болсон. (Мэдлэг тархалтыг хөгжүүлэгч мэдээллийн хэлбэр, тээгчүүдийн тусламжтайгаар бид боловсролын тогтолцоондоо мэдлэг олгох бус мэдлэгт хүрэх арга замыг олгоход сургалтын мөн чанар, агуулгын асуудлыг эргэн харах шаардлагатай буй заа )
Бичсэн: Батхүү, Батбаяр 2009.12.04 6:20 PM
Хянасан: Цэрэнханд
Ашигласан материал:
[1] “Мэдлэг дамжуулах аргын хөгжил, мэдлэг баялаг бүтээх үндсэн хүчин болсон нь” удирдлагын академийн багш, докторант Я.Бямбасүрэн нийтлэл- 2007/03/26 цахим өртөө
[2] Марк Скаузэн “Эдийн засгийн ухаан эдүгээчлэгдсэн замнал” 2003 он
[3] Франклин Кобби “Бүтээмжтэй байлгах 7 дадал”
[4] Б.Галаарид ("Зууны мэдээ" №236. 2009.10.09) “Мэдлэгийг мөнгө болгож, бүтээгдэхүүндээ мэдлэг шингээж байж Монгол хөгжинө”
[5] Баабар ("Зууны мэдээ" №78. 2000.04.05) “Америк иргэншил ба түүний дайснууд”
[6] Каозики “Баян аав, ядуу аав”
[7] “Мэдээлэл үү? Мэдлэг үү?”
[8] Ц.Батхүү “Парадигм” харах өнцөг лекц, 2008 он
[9] Б. Батбаяр “Хүчтэй хүн гэж хэнийг хэлэх вэ?” илтгэл, 2008 он
[10] “Мэдээлэл зүй” 8,9,10