Аз жаргалын эрэлчин ба 1$-ийн ажил
Эрт урьдын цагт нэгэн тэргэнцэртэй эх хөөрхөн жаахан хүүтэйгээ хамт амьдран суудаг байжээ. Хүү нь дөнгөж дөрвөн нас хүрэх гэж буй бөгөөд амьдралын ямар ч хатуу хүтүүг мэдээгүй, цайлган томоогүй хүүхэд насан дээрээ явж байгаа ажээ. Хүүгээ том болж ухаан орохын хэрээр сэтгэл санаа нь хэрхэн өөрчлөгдөх бол гэж хэтийн ирээдүйг бодох тутам эхийн сэтгэлд бүрхэг хар үүл нүүгэлтэнэ. Хүн ямар нэгэн ажил хийж байна гэдэг нь аз жаргал болдог гэдгийг мэддэг түүний хувьд хүүдээ өөрийн биеэр үлгэр дууриалал болж ажил хөдөлмөрийн амтыг мэдрүүлэн, харуулж чадахгүй байгаадаа ихэд гутардаг байжээ. Тэрээр олон цагаар бодол болон суухдаа тэргэнцэр дээр юу хийж болох талаар их тунгаасан байна. Бодох тусам энэ дэлхий гэрэл гэгээ багатай мэт түүнд санагдана.
Тэр нэгэн өвлийн жирийн өдөр, идэр ес эхлээд хоёр хоноод байхад, гадаа гунан үхрийн эвэр хуга хөлдөх хүйтэнтэй үед уг эхэд маань компьютерийн сургалтанд суух боломж олгосон нэгэн санал иржээ. Энэ нь компьютер ашиглан англи болон монгол хэл дээр түргэн бичиж сураад, ингэж сурсан чадвараараа дэлхийн аль ч өнцөгт амьдран сууж байгаа хэн нэгний бичиг баримтаа цахим хэлбэрт шивж оруулах ажилд нь туслаж байдаг ажлын байранд зуучлуулах байсанд нь тэрээр үнэхээр олзуурхан хүлээж авчээ. Хүнд туслана гэдэг бол аз жаргал гэдгийн нэгээхэн хэсэг юм гэдэгт үнэхээрийн итгэдэг тэрээр суралцаж эхлэнэ гэдгээ тэсэн ядаж хүлээж байлаа.