Жэк Ма ба түүнээс суралцах ёстой 5 зүйл


2016.07.27-нд нэгэн найзынхаа ачаар ҮХОБ-ны зохион байгуулсан Хятад улсаас төрөн гарсан дэлхийн хэмжээний бизнесмэн, тэрбумтан эрхэм Жэк Ма-гийн лекцэнд суух боломж тохисон юм.
Урьд нь түүний амжилтын түүхийг нилээд судалж байсан болохоор хуучны танил мэт санагдаж байсан ч түүний залуус бидэнд өгсөн зөвлөгөөнүүд шинэлэг, урам зориг өгөхүйц байлаа. Ингээд түүний хэн болох болон түүнээс залуус бид юуг илүү суралцах ёстой талаарх өөрийнхөө бодлыг товчхон сийрүүлье.
Өдгөө 52 настай, 24 орчим тэрбум долларын хөрөнгөтэй, онлайн худалдааны Алибаба группийн үүсгэн байгуулагчдын нэг Жэк Магийн амжилтын зам дардан байгаагүй харин ч байж болох хамгийн тахир, донсолгоотой зам байсан. Тэр багаасаа л сурлагадаа тааруу хүүхэд байсан ба төрөлх Ханжоу тосгоныхоо бараг л хамгийн муу их сургуулийн элсэлтийн шалгалтанд хоёр ч удаа унаж байжээ.
Гэхдээ түүнд бусдаас ялгаатай хоёр зүйл байсан нь сониуч зан ба алсын хараа байсан юм. Өөрийн лекцэндээ ч “би бол үнэхээр сониуч хүн” гэж байсан. Англи хэлийг 8 жилийн турш жуулчдад үнэгүй хөтөч хийж байж сурсан тэрээр Англи хэлний багш мэргэжилтэй ба саяхан Verizon Wireless-д гол бизнессээ 4,4 тэрбумаар зараад буй Yahoo! сайтыг үндэслэгчдийн нэг Жерри Янг-ийн орчуулагч хүртэл хийж байсан гэдэг.
Тэр анхнаасаа л зөвхөн Хятадын зах зээл бус Америкийн “Цахиурын Хөндий”-г онилж байсан
Лекцийнхээ үеэр “би комьпютер сайн ашиглаж мэдэхгүй, имэйл явуулж бас уншиж мэднэ, тэгээд интернэтрүү орж чадна, тэгээд л болоо” гэж хэлэх энэ эрхэм анх Америкт очиж интернэттэй танилцсан ба “шар айраг” гэх үгийг хайлтын системд хайхад Хятадаас бараг юу ч гарч ирээгүйгээс санаа аван Хятадад вэб сайт хийдэг бизнес эхлүүлэн бизнест хөл тавьсан гэдэг.
Харвардад элсэх гээд 10 удаа бүтэлгүйтсэн, KFC-гийн Хятад салбарт ажилд орох өргөдөл өгсөн 24 хүний ажилд орж чадаагүй цор ганц хүн байсан, сарын 12$-ын цалин авч 5 жил багш хийсэн энэ эрхэм ямар их алсын хараатай бизнесмэн байсныг түүний 1999 онд өөрийн гэртээ ажилтнууддаа тавьсан илтгэлээс харж болно. Тэр анхнаасаа л зөвхөн Хятадын зах зээл бус Америкийн “Цахиурын Хөндий”-г онилж байсан ба  илтгэлдээ “Бидний өрсөлдөгчид бол Хятадын вэбсайтууд биш Цахиурын хөндийн вэбсайтууд. Бид тэдний ажилсаг , хичээнгүй чанарыг нь давж гарах хэрэгтэй” гэж байсан байдаг. Харин одоо миний бодлоор залуус бидний түүнээс суралцах хэрэгтэй 5 зүйлийг товчхон өгүүлье.

1. Үл тоомсорлуулах, тоогдохгүй байх, үгүй гэх зэрэг зүйлсийг тоохгүй байж сур

Тэр хэлэхдээ “Чи хэн юм бэ? Яагаад би чамд мөнгөө, итгэлээ, бизнесээ өгөх ёстой гэж? Чи үүнийг хүртэх юу хийсэн юм бэ? Чамд юу байгаа юм бэ? Юу чамайг бусдаас онцгой болгодог юм бэ?” зэрэг асуултуудад үргэлж хариулахад бэлэн бай. Хэн нэгэн чамайг үл тоомсорлоход, чамд үгүй гэж хэлэхэд битгий гайх, битгий шантар угаасаа чи том зүйлийн төлөө явж байгаа л бол ийм зүйлс маш олон удаа гарах болно” гэсэн юм.

2. Өөрчлөлтийг өөртөө ашигтай болгохын тулд чи өөрөө өөрчлөгд

“Дэлхий ертөнц дэндүү хурдан өөрчлөгдөж байгаа. Энэ бол мэдээллийн эрин зууны хувьсгалын үе өөрчлөлт шинэчлэл өдөр хоногоор бус цаг минутад бий болж байна. Чи өөрчлөлтөд дасан зохицохгүй, хөшүүн байгаад л байвал чи тоглоомд ялагдах болно тиймээс өөрчлөлттэй хамт тулгарч буй бэрхшээлүүдтэй өөрийгөө өөрчилж байгаад нүүр тул.” гэсэн юм.

3. Хаана хамгийн олон хүмүүс гомдоллож байна, тэнд боломж байгаа

Шинээр бизнес эхлэх санаа хайж байгаа бол судалгаа хийхдээ “хаана хамгийн олон хүмүүс гомдолтой, асуудалтай байгааг олж хар. Тэгээд тийшээ яв яагаад гэвэл тэнд хамгийн олон боломжууд байдаг.”

4. Бусдад битгий найд

Чи найз, хамаатан садан, засгийн газар, эдийн засаг, хүрээлэн буй орчиндоо хэзээ ч битгий найд. Эдгээрийн “аль нь ч чиний амжилтыг тодорхойлохгүй гагцхүү чи өөрөө л тодорхойлно. Бусдад их найддаг хүн хамгийн сул дорой байдаг.”

5. Ухаантай хүмүүс юунд хүрэхээ мэддэг бол ухаалаг хүмүүс юуг золиослохоо мэддэг

Үндсэндээ дараах 3 асуултыг үргэлж өөрөөсөө асуу. “Чамд юу байгаа вэ? Чи юутай болохыг хүсч байна вэ? Чи юуг золиослохыг хүсч байна вэ? Сүүлийн асуултын талаар хүмүүс ихэнхдээ боддоггүй гэхдээ энэ бол хамгийн чухал асуулт. Чиний хүсэл мөрөөдөл, хүрэхийг хүсч буй зүйл чинь ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг харуулдаг” гэсэн юм
Түүний лекцэнд өөр олон авууштай зүйлс байсан ба мэдээллийн хэрэгслүүдээр энэ талаар хангалттай гарсан гэж бодож байна. Ингээд энэ удаас эрхэм Жэк Ма буюу Ма Юуны алдарт эшлэлээр нийтлэлээ төгсгөе.
“Өнөөдөр хэцүү байна. Маргааш бүр хэцүү байна. Харин нөгөөдөр бол гайхалтай байх болно. Гэвч ихэнх хүмүүс маргааш орой бууж өгдөг.” – Жэк Ма
Жэк Ма ба түүнээс суралцах ёстой 5 зүйл Жэк Ма ба түүнээс суралцах ёстой 5 зүйл Reviewed by https://paradigmmn.blogspot.com/ on 2:17 AM Rating: 5
Powered by Blogger.