Хүүхдийн төлөө зүтгэсэн 30 жил

Ананд хэмээх нэгэн хүүгийн яруу найрагч Б.Лхагвасүрэн гуайн "Цэцгэн эрх" шүлгийг уран уншиж үзэгчдэд хүргэсэн бичлэгийг сонсоод үнэхээр их сэтгэл хөдөлсөн. Ямар тансаг шүлэг вэ?, яасан сайхан уншина вэ? Төгсгөлд нь "...ээжээ би таны үргэлжлэл" гэж хэлэхэд маш их догдлон хөөрч, уяран баясч билээ. Сэтгэлийн минь нарийн чавхдасыг өөрийн эрхгүй хөндсөн үнэхээр сайхан шүлэг. ....Ээжийнхээ хөдөлмөр алдарыг үзээд суух үед миний мэдэх бүхэл бүтэн 30 жилийн түүх тайзан дээр урсан өнгөрөх шиг болоход энэхүү шүлэг толгойд минь эргэлдэх бодлыг улам хурцалж өгч байсан. "Ээж маань УБИС-ийг төгсөөд анх багш болсноос хойш 7 үеийг төгсгөжээ. Үе бүхэн өөрийн гэсэн түүхтэй, тодорхой цаг хугацаатай. Мөн манай гэр бүлийн дуу хуур, баяр хөөр, гуниг, харуусал зэрэг бүхий л хором мөчийг шингээсэн дурсамжийн хэлхээс байсан. Тийм ээ энэ 7 үед ээж маань залуу, халуун насаа элээж, эдгээр он жилүүдэд өөрийн зовлон, жаргалыг даван туулсаар 30 жилийг ардаа орхижээ." гээд бодол болон сууж байтал хөтлөгч одоо том хүү нь та бүхний өмнө үг хэлж, дуу дуулна гэдэг байгаа. Би нэлээд тэвдэн хөглөж байж хоёр дүүгээ дуудан, ээжтэй хамтран "Амьдралаа би чамд хайртай" дууг дуулж билээ. Хэ хэ... Тэгээд ээж маань "Хүү минь чи гурав дахь үеийн багш шүү" гэж надад хэлэхэд нь өөрийн эрхгүй нэгийг бодогдуулсан шүү. ...Ээжийн чинь ээжийн талын гурван үеийн түүх ээ гэж нэг материал өгч байсныг нь уншсанаа санахад би 3 дахь үе нь болж байлаа. Өвөө маань механик инженерийн багш (би өвөөгөө төмөр бүжиглүүлэгч гэж нэрлэдэг юм), Нансал эмээ маань бага ангийн багш байсныг ээж өвлөн авч би үргэлжлүүлж байгаа нь энэ. Ээжийнхээ тэмдэглэсэн гурван үеийн намтарыг сийрүүлэн бичихэд: Миний ээжийн нагац эх нь Увс аймгийн Туруун сумын Айраг нуурын хөвөөнд малчин ард Тунгаагийн хоёр дахь охин нь болон төрсөн Хумбагар гэдэг нэртэй эмэгтэй байжээ.

Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж, миний өвөө эцэг Магванжавтай ханилан сууж таван хүүхэдтэй болон тэднийгээ асарч өсгөхийн зэрэгцээ мал аж ахуйг эрхлэх, бичиг үсэгт бие даан  суралцаж, үр хүүхдүүддээ зааж сургадаг энэрэнгүй сайхан сэтгэлтэй эмэгтэй байжээ. Тэрээр 1921 онд Оросын цагаантны оргодлуудаас зугтан Айраг нуурын хөвөөны дэрсэнд нуугдаж явсан гэдэг. Харамсалтай нь 1925 онд өвчний улмаас нас барсан гэж тэмдэглэжээ. Мөн миний эмээ Нансал нь 1925 онд ард Магванжавын гуравдугаар охин болж төрөөд гурван сартай байхдаа эхээс өнчин хоцорч нагац эгч Баясгалангийн гар дээр 7 нас хүртэл өсөж бойжиж байгаад өөрийн эцэг дээр ирж Увс аймгийн Улаангомын бага сургуульд сурч 1941 онд төгсөж өвөөгийн хамт 1941 онд Улаанбаатар хотноо шилжин ирж 1942 онд Комбинатын бага сургуульд багш 1945 онд Улсын төлөвлөгөөний комиссд байцаагч, 1947 онд миний өвөө Бадамгаравтай ханилан сууж Жаргалантын САА-д бичиг хэргийн эрхлэгч, 1952 онд Увс аймгийн Баруунтурууны САА-д тоо бүртгэгч, 1956 онд Төв аймгийн Борнуурын САА-д мөнгөний нярав, цэцэрлэгийн хүмүүжүүлэгч, 1960 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн САА-д боловсон хүчний байцаагч, намын хорооны кабинетын эрхлэгч, номын сангийн эрхлэгч, 1964 оноос Улаанбаатар хотын хөнгөн хүнсний хангамжийн баазад нярав хийж байгаад 1979 онд өндөр насны тэтгэвэрт гарчээ. 1982 онд өвчний улмаас нас барсан. Улсаас алдарт эхийн 1, 2–р одон, 40-н жилийн ойн медаль, засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнуулж байжээ. (Эмэг эх, өөрийн эхийн намтар бичсэн Нарантуяа 1987 оны 12 сарын 26-нд гэжээ). Би ээжийнхээ бичсэн энэ тэмдэглэлийг  өөрчлөхийг хүссэнгүй. Түүх бол үнэхээр их сонирхолтой зүйлийг өгүүлдэг. Энэ түүхийн үргэлжлэл болсон би дараа үедээ мөн адил ингэж бичигдэх нь тодорхой шүү дээ.

Хүүхдийн төлөө зүтгэсэн 30 жил Хүүхдийн төлөө зүтгэсэн 30 жил Reviewed by https://paradigmmn.blogspot.com/ on 10:00 AM Rating: 5
Powered by Blogger.