Далай лам : Юмс үзэгдэл оюун санаатай нэг мөн чанарт оршдог



Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам “Корпорейт конверсешн центрт” Монголын нийт лам хуврагууд их, дээд сургуулийн эрдэмтдийн дунд “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэгт морилж, айлдвар айлдаж байна.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаач, гадаад дотоодын зочид, их дээд сургуулийн багш нар, оюутнууд, олон нийтийн төлөөлөл оролцож буй юм.
Хэлэлцүүлэг Америкт төвтэй олон улсын эрдэмтдийг нэгтгэсэн “Оюун ухаан ба Амьдрал” хүрээлэнгийн хоёр судлаач. Монголын  дөрвөн судлаач эрдэмтэн "Бясалгал ба тархи-мэдрэл судлалын шинжлэх ухаан нийгмийн оролцоотой Буддизм”, "Буддын логик ба Шинжлэх ухаан", "Квант физик ба Буддын мэдлэг ухаан", "Бясалгал болон өвчнийг тархи-мэдрэл судлалын шинжлэх ухааны үүднээс судлах нь", "Биологийн шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт ба Буддизм" зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.
“Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” хэлэлцүүлгийн үеэр Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам ийнхүү айлдлаа.
 Уурыг эргэцүүлэн бодох бясалгалаар дарж болно
Бясалгал нь зөвхөн Бурхны шашинд  бус олон шашинд бий. Тухайлбал Христийн шашинд сүсэг бишрэл нь гол үзүүлэлт болдог байх жишээтэй. Гол нь мухар сүсэг бишрэлээр бус хүн өөртөө эзэн нь байх ёстой гэдгийг ухаарах хэрэгтэй. Буддизмын гол зорилго  бол сургаалаар дамжуулан гэгээрүүлэх явдал юм. Буддизмд хоёр төрлийн бясалгал хийдэг. Амьсгал дээр төвлөрөх бясалгал уур шуналыг унтраадаг. Уурыг эргэцүүлэн бодох бясалгалаар дамжуулан дарж болно. Мөн  энэрэл нигүүлслийг хөгжүүлснээр уурыг дарж чадна. Бурхны шашинд зөвхөн сүсэг бишрэл төдийхөн хандсанаар бүх зүйл бүтчихгүй. Юмс үзэгдлийн мөн чанарыг ойлгож ухаарах нь чухал. Бурхны сургаалын гол утга онол нь бүх юм шүтэн барилдлагатай, учир шалтгаантай хэмээн үздэг. Бүх юм учир шалтгаанаас үүсэлтэй гэж үздэгээс биш ертөнцийн эзэн  бүхнийг бүтээгч байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Гэтэл бид бурхандаа сүсэглэхдээ зөвхөн бурхан намайг авраач гэж сүсэг төдий хандаад байвал түүний цаана бүхнийг чаддаг, бүтээдэг гэсэн ойлголт төрнө. Бурхны сургаалыг ойлгохгүй сүсэг бишрэл төдий хандах юм бол бусад шашны ертөнцийг бүтээгчийн номлолтой адилхан болчихно.
Бурхны шашин зөвхөн сүсэг төдий биш юм. Бурхан багш юмс үзэгдлийн мөн чанарыг сайтар  ажиглаж шинжилж байж номлосон. Нэг хэсэг шинжлэх ухаан хүний оюун санаа бол уураг тархины бүтээгдэхүүн гэж үзэж байсан. Гэтэл бясалгал хийхэд хүний тархины ажилладаггүй эд эсүүд хүртэл ажиллаж байна гэсэн туршилт гарсан байна. Үүнээс хүний тархины эд эсийг ажиллуулдаг өөр хүчин зүйл байна. Тэр нь магадгүй  ухамсар, бурхан шашны хэллэгээр оюун санаа ч гэж хэлж болох.  Зөвхөн тархины эд эс ажиллаад тухайн оюун санаа төрдөг биш. Тэр оюун санааны хүчээр тархины  зарим ажилладаггүй эд эсүүдийг ажиллуулж болж байгаа учраас оюун санаа гэдэг нь зөвхөн уураг тархины хүчин зүйл биш юм. Тиймээс оюун санаа ухамсар гэдэг нь уураг тархинаас тусдаа зүйл гэдгийг нотлоход тун ойрхон байна” хэмээн онцолсон юм.
Юмс үзэгдэл гадна талд бодитоор оршихгүй
 Хэрвээ орших юм бол тухайн юмс үзэгдэл өөрийн бүрдүүлэгч хуваагдашгүй эд эс, хуваагдашгүй тоосонцроос оршино. Гэтэл тийм  хуваагдашгүй зүйл байна уу гээд сайтар шинжлээд хайвал тийм юм байхгүй учраас юмс үзэгдэл гадна талд бодитоор оршихгүй. Гэхдээ юмс үзэгдэл өөрийн  оюун санаа ухамсартайгаа нэгэн мөн чанарт оршино гэж үзсэн. Бидний гадна талд харагдаад байгаа юмс үзэгдэл түүнийг харж байгаа оюун санаатайгаа өөрөө нэг мөн чанартай оршиж байна. Оюун санаа ухамсраас тусдаа юмс үзэгдэл байхгүй гэж үзсэн.
Юмс үзэгдэл хоосон чанартай
Би  гэдэг бодитой байгаа юм шиг боловч яг би хаана байна вэ гээд сайтар хайх юм бол бодитоор олдохгүй. Квант физикийн үүднээс ч ямар нэг юмс үзэгдэл сайтар ажиглавал эцэстээ тодорхойгүй юм болж байна гэж үзсэн. Түүнтэй адил бурхны сургаалд бид бие гэж бодоод байдаг. Яг тэр бие маань хаана байна гээд сайн хайвал олдохгүй болчихдог.  Бүх юмс хоосон чанартай.  Үүнтэй адил намайг бүрдүүлж байгаа бие сэтгэл тэргүүтэй гадна дотны бүх юмс нэр төдий оршихоос бус өөрийн мөн чанараас бүтсэн юм байхгүй. Ингээд хоосон чанарыг бясалгаж, энэ сэтгэлийн хүчээр бидний сэтгэлд бүх юм бодитой байгаа гэж бодогдож байгаа бүхэн  арилна.
Сургаалын дотоод мөн чанарыг таньж байж бурхан шашныг дэлгэрүүлнэ
Лам хуваргууддаа би ном сайн үзэх хэрэгтэй гэж хэлдэг. Бурхны шашны утга учрыг таньж мэдэж, тэдгээрийг бусдад ойлгуулж таниулахын үүднээс бурхны шашныг барина уу гэхээс биш, зөвхөн засал хийх төдийгөөр барьж болохгүй. Бурхны шашныг барина гэдэг гадна талд сүм дуган, суварга барих төдий биш. Хамгийн гол нь сургаалынх нь дотоод мөн чанарыг таньж мэдэж байгаа нь бурхан шашныг дэлгэрүүлж буй хэрэг юм. Зөвхөн амны уншлага, гадна хувцас хунартаа байгаа юм биш. Дотоод сургаалынхаа утга учир мөн чанартаа байгаа учир түүнийг л үндэслэх хэрэгтэй.
Эх сурвалж: orloo.com
Далай лам : Юмс үзэгдэл оюун санаатай нэг мөн чанарт оршдог Далай лам : Юмс үзэгдэл оюун санаатай нэг мөн чанарт оршдог Reviewed by https://paradigmmn.blogspot.com/ on 1:10 PM Rating: 5
Powered by Blogger.